НОГООННУУР СУМЫН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ САЙХАН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

    Эх орны тусгаар тогтнол, газар нутгийнхаа төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлахгүй дайны талбарт дайсны сум сөрж тулалдаанд оролцож явсан партизануудаараа алдартай Ногооннуурчууд өнгөрсөн амралтын өдрүүдэд Ногооннуур сум байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлэв.

    Ногооннуур сумын баяр наадмын нээлт мөнх хөх тэнгэртээ Монгол улсынхаа төрийн далбааг өргөн мандуулж, Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлж, сумын Засаг дарга Х.Есболат нутгийн зон олондоо баяр наадмын мэндчилгээ дэвшүүлснээр нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр эхлэв.

    Намрын налгар эдгээр өдрүүдэд хүчит бөхөө барилдуулж, хурдан морьдоо уралдуулж, “Айтыс” буюу харилцаа дуугаар мэргэн ухаан, авхаалж самбаагаа сорьж, “Зоос шүүрч”,  “Көкпар” буюу эр зоригт эрчүүд нь тулам булаалцаж хүчээ сорин, гайхуулж наадав.

    Энэхүү түүхт ойн баярын ёслолд УИХ-ын гишүүд Т.Аубакир, Б.Бейсен, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, бүх сумдын удирдлагууд, агентлаг хэлтсийн дарга нар, УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Д.Мурат тэргүүтэй зочин гийчид оролцлоо.

    Энэ үеэр аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед “ Аймгийн Засаг даргын нэрийн өмнөөс болон хувиасаа Ногооннуур сум үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, тус сумын ЗДТГ-ын газрын хамт олонд “Хүндэт өргөмжлөл” хадгалуулж, мөнгөн шагналаар шагнаж, та бүхний хийморь лундаа дээшээ байж, санаж сэдсэн ажил бүхэн тэнь сэтгэлчлэн бүтэж Ногооннуур сум цэцэглэн хөгжиж үеийн үед мандан бадрахын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.” хэмээн баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв.

    Сумын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 64 бөх хүч үзэн барилдаж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат Монгол улсын заан Б.Серик түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Улсын харцага Н.Золбоо үзүүрлэв. Мөн их шөвөгт Завхан аймгийн Баянтэс сумын харьяат Улсын харцага Ш.Пүрэвгарьд, Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат Аймгийн хурц арслан М.Еркебулан нар тус тус шалгарав. Бөхчүүдийн барилдаан өрсөлдөөнтэй болж, наадамчин олныг баясгасан уран барилдааныг бөхчүүд үзүүлсэн юм. Ингээд хүчит бөхийн барилдааны үзүүр, түрүү бөх тодорсноор сумын наадам өндөрлөсөн юм.

 

     Ногооннуур сум  байгуулагдсан түүхийг сөхөн танилцуулахад тус сум нь 1952 оны 8 – р сарын 25 – ы өдөр БНМАУ – ын ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар Цагааннуур, Бөхмөрөн  сумаас өрх тусгаарлаж 7 баг 2916 хүн амтай 580 өрхтэй 42752  толгой малтай Хатуугийн амын Ногооннуур хэмээх нуурын нэрээр нэрлэгдэж Ногооннуур сум байгуулагдсан түүхтэй.

     1952 онд сум байгуулахад сумын анхны даргаар Б. Заримхан ажиллаж 1952-2022 он хүртэл 70 жилийн хугацаанд сумын даргаар 22 шилдэг боловсон хүчнүүд ажиллажээ. Ногооннуур сум нь 1 тосгон, 12 баг,  хилийн цэргийн 0285-р анги, ерөнхий боловсролын 1,2,3,4,5 сургууль, сургуулийн өмнөх боловсрол олгох 1,2,3-р цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Цаг уурын өртөө, Цагааннуур боомт, Цагааннуур чөлөөт бүсийн худалдааны төв, гаалийн байгууллага гэх мэт төрийн байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг ба 8510 гаруй хүн амтай, 261000 малтай. Байгалаас заяасан хадлангийн 6000 гаруй га талбайтай тул Баян-Өлгий аймгийг өвс тэжээлээр дангаараа хангаж байгаа онцлогтой сум. Хойд талаараа ОХУ, Тува улстай хил залгадаг. Улсын хэмжээнд эхний 5 нуурт багтдаг Ачит нуур загасны их нөөцтэй. Нэн ховор амьтад болох Аргаль, Янгир, Цоохор ирвэс, Алтайн Хойлог, хар тарвага элбэг.

You May Also Like