Ардын Засгийн газрын 1922 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны “Хянан байцаах хэлтэс” байгуулах шийдвэр гарсан тэр цагаас Төрийн хяналт-Аудитын байгууллагын түүх эхэлсэн ч хэдийнээ 100 жил өнгөрчээ.
Түүхт 100 жилийн ойн хүрээнд Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газар санхүү, төсвийн хяналтын чиг үүргийг сайжруулах арга хэмжээг зохион байгуулж, төрийн аудитын байгууллагын хөгжлийн явц, үйл ажиллагааны ач холбогдлыг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд онол, практикийн баярын хуралаа зохион байгууллаа.
Тус хуралд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат, Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Хуанган, тус газрын нийт хамт олон, төрийн аудитын байгууллагад ажиллаж байсан ахмадууд, төсвийн байгууллага, орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжийн төлөөлөгчид гээд нийт 55 хүн оролцлоо.
Аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын байгууллагын хамт олныг тангарагтаа үнэнч байж төр ард түмний өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж ирснийг онцолж, “Монгол Улсад Төрийн хяналтын тогтолцоо үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг төрийн хяналтын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн удирдлага, ахмад ажилтнууд, одоо ажиллаж байгаа аймгийн Төрийн аудитын байгууллагын нийт хамт олонд хүргэж чин сэтгэлийн мэндчилгээг дэвшүүлж байна. Та бүхэндээ эрүүл энх, эрдэм мэдлэг, ололт амжилтын дээдийг ерөөж, хамгийн сайн сайхныг хүсье” хэмээн баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Мөн энэ үеэр Монгол улсад төрийн хяналт, аудитын тогтолцоог хөгжүүлэн бэхжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж буй хүмүүсийг Төрийн одон медаль, аймгийн ИТХ болон Засаг даргын жуух бичиг, байгууллагын шагналаар шагнав.