БАГШ НАРЫН БАЯР ТЭМДЭГЛЭЛЭЭ

   ЮНЕСКО-гоос жил бүрийн 10-р сарын 5-ны өдрийг Дэлхийн багш нарын өдөр болгон 1994 онд зарласан. Жил бүр ЮНЕСКО-гийн санаачилгаар Дэлхийн багш нарын өдрийг тэмдэглэдэг нь дэлхийн өнцөг булан бүрт багш нарт талархал илэрхийлэх, тэдний хөдөлмөрийг үнэлэх, багш нарын энэхүү хариуцлагатай мэргэжилд олон түмний анхаарлыг хандуулах, багшийн нэр хүндийг өргөх, улс орны хөгжил цэцэглэлтэд багш нарын гүйцэтгэж буй үүрэг оролцоо, тулгарч буй асуудал бэрхшээлийг шийдэхэд анхаарал хандуулах зорилготой юм. Монголын багш нарын өдрийг 1967 оноос 2013 он хүртэл жил бүрийн хоёрдугаар сарын эхний ням гаригт тэмдэглэж ирсэн.

   Харин 2014-2015 оны хичээлийн жилээс Монголын багш нарын өдрийг жил бүрийн 10-р сарын 5-нд Дэлхийн багш нарын өдөртэй хамт тэмдэглэж байхаар Засгийн газраас “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд өөрчлөлт оруулсан.

   Энэ жил Дэлхийн багш нарын 28 дахь, Монголын багш нарын 56 дахь удаагийн баярын өдөр өнөөдөр тохиож байна.

   Тус баярын хүрээн өнөөдөр Баян-Өлгий аймгийн Хөгжимт Драмын Театрд багш нарын баярын хурал, хүндэтгэлийн концерт боллоо. Хүндэтгэлийн арга хэмжээнд Аймгийн Засаг дарга Д.Бауыржан, ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ө.Хуралай, Аймгийн Боловсрол Шинжлэх ухааны газрын дарга Г.Амантай болон эрдэмтэд, багш сурган хүмүүжүүлэгчид, сургуулийн ажилтанууд, сурагчид оролцов.

   Баярын концерт Ерөнхий боловсролыг 7 дугаар сургуулийн багш сурагчдын бэлдсэн урлагийн тоглолтоор эхэллээ.

   Баярын хурлыг нээж аймгийн Засаг дарга Д.Бауыржан “Эх орны ирээдүйн эздийг эрдмийн ч номтой, хүний ч номтой болгон сургаж хүмүүжүүлэх их үйлст цаг наргүй зүтгэж яваа багш нараар бид бахархдаг. Манай ард түмэн эртнээс багшийг дээдэлж, та бүхний эрдэм ухааныг шүтэн биширч ирсэн. Тэр ч утгаараа жил бүрийн энэ өдөр багш нар төдийгүй багштай хүн бүхний баярын өдөр байдаг билээ. Багш хэмээх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж яваа Аймгийнхаа нийт багш нартаа ард түмнийхээ нэрийн өмнөөс болон аймгийн Засаг даргын хувиар хүндэтгэл, талархлаа илэрхийлж, эрдмийн гэгээн үйлсэд нь их амжилт хүсэн ерөөе”- хэмээн мэндчилгээ дэвшүүллээ.

   Хурлын үргэлжлэлд боловсролын салбарт он удаан жил ажиллаж, хөдөлмөрөө үнэлүүлсэн зарим хүмүүст төрийн одон, салбарын шагнал, Аймгийн засаг даргын нэрэмжит шагналуудыг гардууллаа.

You May Also Like