“Хүний эрх ба Жендэр” төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад зориулсан бүсийн сургалт өнөөдөр /2022.10.13/ Ховд аймагт зохион байгуулагдлаа.
Уг сургалтад Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга нар хамрагдав.
Сургалтыг Монгол Улсад мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллагад хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангахад төрийн удирдах албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад шинээр баталсан хууль хэрэглээ ба хүний эрх, жендерийн мэдлэг, чадавхыг бэхжүүлэх зорилгоор Хүний Эрхийн Үндэсний Комиссоос зохион байгуулсан юм.
Манай аймгаас тус сургалтад аймгийн Засаг дарга Д.Бауыржан, аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан, Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Бауыржан нар оролцлоо.
Өнөөдрийн сургалтаар аймгуудын удирдлагууд Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо, төрийн албан хаагчийн ёс зүй, Орон нутгийн нэгжийн удирдлага бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хүний эрхийг хангаж, хамгаалах нь, Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хүний эрхийг хангах нь, Жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт, төсөвлөлт, Хүний хувийн нууц ба мэдээлэл хайх, хүлээн авах эрхийн зохицуулалт зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдлэгээ тэлж, баруун бүсийн аймгуудын хүний эрхийн анхаарал татсан асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв.