АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАУЫРЖАН ХӨГЖЛИЙН САНААЧИЛГА, БОДЛОГО СУДЛАЛЫН ТӨВИЙН ТЭРГҮҮН М.БАТБААТАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

   Манай аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, тэдгээрийн эцэг эхийн холбоог чадавхжуулах зорилготой “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил” төслийг 2020-2024 он хүртэл хэрэгжүүлж байгаа.

Энэ төслийн дунд хугацааны үнэлгээг хийх зорилгоор Хөгжлийн санаачилга, бодлого судлалын төвийн тэргүүн М.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна.

   Тус ажлын хэсгийг ахалж буй Хөгжлийн санаачилга, бодлого судлалын төвийн тэргүүн М.Батбаатар болон НТБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төслийн ажилтан Х.Нургүл нарыг өнөөдөр /2022.10.14/ аймгийн Засаг дарга Д.Бауыржан албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.

    Уулзалтаар талууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар аймгийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, ямар бодлого барьж ажиллаж байгаа талаар болон төслийн хэрэгжилтийн явц, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдгээрийн эцэг эхчүүд,  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлж байгаа боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээнд гарч байгаа өөрчлөлтүүдийн талаар санал солилцов.

     “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил” төслийн дунд хугацааны үнэлгээг хийснээр төслийн алдаа оноо, сайн тал, үр дүн нь юу байв гэдгийг дүгнэж, 2024 он хүртэл ямар зүйл рүү илүү их анхаарч ажиллах вэ гэдгийг тодорхойлох аж.

Аймгийн төв болон Ногооннуур, Цэнгэл, Толбо  сумуудад төслийн үнэлгээний ажил хийгдэж байгаа юм. Тус ажлын хэсэг үнэлгээний үр дүнгийн мэдээллийг боловсруулж дууссаны дараа аймгийн удирдлагууд, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн  хамгааллын салбар комисст зөвлөмж хүргүүлэх юм.  

You May Also Like