Д.БАУЫРЖАН: МАТЕМАТИКИЙН АЧ ХОЛБОГДЛЫГ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТАНИУЛАХ, МЭДҮҮЛЭХ, ХӨГЖҮҮЛЭХ ЦАГ ҮЕ ИРЧХЭЭД БАЙНА

    Аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнөөдөр /2022.10.24/ Боловсрол, шинжлэх ухааны  газрын дарга Г.Амантай, тус газрын дэд дарга Х.Азатбек, Ерөнхий боловсролын зургадугаар сургуулийн захирал Т.Манкей, Гурван бэрх сургалтын төвийн захирал, А.Мекей сангийн ерөнхий зохицуулагч Х.Төмөрхан нарыг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.

   Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Монгол Улсын Ардын багш, доктор, профессор, академич Абишийн Мекейн нэрэмжит математикийн олимпиад энэ оны 10 сарын 22, 23 ны өдрүүдэд Өлгий сумын Ерөнхий боловсролын зургадугаар сургуульд амжилттай зохион байгуулагдлаа. Үүнд та бүхний оролцоо маш их байлаа. Та бүхэнд баярлаж талархсанаа илэрхийлье.” гэв.

    Түүнчлэн “Аймгийн зүгээс Монгол хэлний суралцахуйг дэмжих хүрээнд олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Тодорхой ахицууд ч гарч байна. Харин одоо  бүх шинжлэх ухааны хаан болсон Математикийг урагшлуулах хэрэгтэй байна. Учир нь математик бол шинжлэх ухааны голлох салбаруудын суурь болж байдаг. Математикийг ашигладаггүй салбар гэж байхгүй. Математикт сайн сурагчид бусад хичээлдээ сайн байдгийг та бүгд мэднэ. 21 дүгээр зуунд мэдээлэл технологи асар хурдацтай хөгжиж байна. Мэдээллийн технологийн цоо шинэ ертөнцөд амжилттай байх ганц арга нь IT-гийн суурь мэдлэгтэй болох. Энэ ч утгаар IT-гийн чиглэлээр сурах өндөр сонирхолтой хүүхдүүдийг арав, арваннэгдүгээр ангиас нь программчлал, код бичих хичээлийг заах шаардлага үүсэж байна. Эдгээр нь математикт  суурилсан байдаг. Сууриа зөв тавьчихвал ямар ч мэргэжил рүү хөрвөдөг, мэдээллийн технологийг ашиглах чадвартай хүүхэд залуусыг бэлтгэж чадна. Математик сонирхож байгаа хүүхэд, залуусыг дэмжих, хүүхдүүдийг математикт дуртай болгоход анхаарах, хөгжүүлэх цаг үе ирчхээд байна. Иймд аймгийн хэмжээнд Математикийн боловсролыг хөгжүүлэх, ач холбогдлыг хүүхэд, залууст таниулах  “хөтөлбөр” хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж харж байна.” хэмээн аймгийн Засаг дарга өөрийн санал, санаачилгыг танилцуулав.

    Харин уулзалтад оролцогчид таны энэхүү санал, санаачилга нь “уурхайд” хөрөнгө оруулж байгаа явдалтай адилхан хэмээн дүгнэж, энэхүү санаачилгыг дэмжин, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн ба Боловсрол, шинжлэх ухааны  газрын дарга Г.Амантай болон Ерөнхий боловсролын зургадугаар сургуулийн захирал Т.Манкей нар хөтөлбөр боловсруулан танилцуулахаар боллоо.

    Мөн  тухай боловсруулсан хөтөлбөрөөрөө дамжуулан математикийн багш нарын ур чадвар, арга зүйг сайжруулах, бүсийн болон улсын математикийн олимпиадыг зохион байгуулах, IT-гийн чиглэлээр сурах хүүхдүүдэд  зориулалтын анги танхимыг тохижуулах зэрэг бодиттой хэрэгжих ажил зохион байгуулах талаар тусгахаар хэлэлцэв.

You May Also Like