АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН XII ДУГААР ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

     Аймгийн удирдах ажилтнуудын XII дүгээр ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2022.12.19/ болж, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагууд болон сумдын удирдлагууд танхимаар болон цахимаар оролцлоо. Хуралдааныг аймгийн Засаг даргын орлогч Х.Арман удирдан зохион байгууллаа.

    Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Боловсрол Шинжлэх Ухааны газар,  Эрүүл мэндийн газар, Татвар,  Ус цаг уур, орчны шинжилгээний төв болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээллийг танилцуулан мэдээлэл солилцов.

    Мөн өнөөдрийн ээлжит шуурхай хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан өвөлжилтийн нөхцөл байдлын мэдээллийг хийлээ. “ Аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл орсон ба өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Зарим суманд малын хорогдол гараад эхэлсэн. Зарим сумууд өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. Булган сумын 96 мянган толгой мал Ховд аймагт оторлож байна. Сумдын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн бүрдүүлэлт хангалтгүй байгааг онцолж,  отрын малчдыг хөөж туухгүй, татвар хураамжаар дарамтлахгүй байхыг анхаарууллаа.

   Түүнчлэн аймагт томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдсэн талаар Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Манчук танилцууллаа. “Бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний ТАРХАЛТ ӨНДӨР байна. Одоогийн байдлаар Хүүхдийн эмнэлэгт 92 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тиймээс бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх хэрэгтэйг зөвлөлөө.

      Хуралдааны төгсгөлд аймгийн Засаг даргын орлогч Х.Арман үүрэг даалгавар өгснөөр хуралдаан өндөрлөв.

Өнөөдрийн аймгийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгавар

Боловсрол Шинжлэх Ухааны газрын дарга Г.Амантайд

  • Баяннуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн эрэгтэй, эмэгтэй дотуур байрыг тусгаарлах арга хэмжээ авах

Татварын хэлтсийн дарга А.Камелият

  • Цэнгэл сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Цагаан овоот алтны орд буюу Эс Жи Групп ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт-шалгалт хийх ажлын хэсгийг 5-7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулах ажлыг зохион байгуулах

Холбогдох байгууллага, агентлагийн дарга нарт

  • Аймгийн төв талбайн мөсөн хотхоныг хугацаанд нь барьж ашиглалтад оруулах

You May Also Like