АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН XII ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

    Аймгийн Онцгой комиссын гишүүд аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд 66.6 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хуралдааныг аймгийн Засаг даргын орлогч, Онцгой комиссын шуурхай штабын дарга Х.Арман удирдан зохион байгуулж, хэлэлцэх асуудлыг төлөвлөгөөг Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азат танилцууллаа.  Хуралдаанаар таван асуудлыг хэлэлцлээ.

Үүнд:

  • Баян-Өлгий аймгийн хэмжээнд өвөлжилтийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний санал
  • Аймгийн хэмжээнд байгаа аюултай хог хаягдлыг устгах, тээвэрлэх зардал
  • Булган суманд гарсан хээрийн түймэр унтраах, эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулахад гарсан зардал
  • АДРА олон улсын байгууллагаас Онцгой комисст олгосон халдвар хамгааллын хувцас хэрэгслийн тээврийн зардал
  • Аймгийн Онцгой комиссын шуурхай штабын суурийн утасны КоплПро үйлчилгээний зардлыг танилцуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэв.

      Баян-Өлгий аймгийн хэмжээнд өвөлжилтийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний саналыг Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан  танилцууллаа. Тэрээр “Аймгийн хэмжээнд 2 сая 589 мянган толгой /мал хонин толгойд шилжүүлбэл 4,2 сая/ өвөлжиж байна. Булган сумын 96 мянган толгой мал Ховд аймагт оторлож байгаа бол Ногооннуур, Толбо, Баяннуур сумын 4 мянга гаруй толгой мал Увс аймагт оторлож байна. Сум дунд 247 өрхийн 80 мянган гаруй толгой мал оторлож байна. Сагсай, Буянт, Бугат суманд малын хорогдол гарсан.  Сумдын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн бүрдүүлэлт хангалтгүй, ганцхан Цэнгэл сум аюулгүйн нөөцөө бүрэн бүрдүүлсэн. Аймгийн хэмжээний сумдын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 418 тн өвс, 241 тн тэжээл, аймгийн нөөцөд 310 тн өвс, 200 тн тэжээл  байна. Аймгийн өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна хэмээн танилцуулж, цаашид авах арга хэмжээний талаар саналаа хэллээ.

      Харин Байгаль, орчин, аялал, жуулчлалын газрын дарга Ш.Марат аймгийн хэмжээнд байгаа аюултай хог хаягдлыг устгах, тээвэрлэх зардлыг танилцууллаа. “Аймгийн хэмжээгээр аюултай хог хаягдлын тооллогыг явуулсан. Ерөнхий боловсролын сургуулиуд болон лабораторитой аж ахуйн нэгж, эмнэлгүүдэд хугацаа дууссан, урвалд орсон, хошго шошгогүй, удаан жил сургуулийн кабинет, зориулалтын бус газар болон ажлын байранд хадгалж байгаа 288.49 кг химийн бодисууд байна. Манай байгууллагын зүгээс Улаанбаатар хотод аюултай хог хаягдал, химийн хорт бодис устгадаг, тээвэрлэдэг Элемент ХХК-нд устгах шаардлагатай химийн бодисуудыг устгуулах хүсэлт тавьсан ба аюултай хог хаягдлыг устгах, тээвэрлэх зардлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.

     Түүнчлэн аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Фестиваль Булган суманд гарсан хээрийн түймэр унтраах, эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулахад гарсан зардлыг, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азат АДРА олон улсын байгууллагаас Онцгой комисст олгосон халдвар хамгааллын хувцас хэрэгслийн тээврийн зардлыг, Онцгой комиссын нарийн бичгийн дарга Х.Ахытгажы аймгийн Онцгой комиссын шуурхай штабын суурийн утасны КоплПро үйлчилгээний зардлыг тус тус танилцуулж, дээрх таван асуудлуудыг  хэлэлцэн шийдвэрлэлээ.

You May Also Like