Өнгөрсөн оны 10 дугаар сарын сүүлээр аймгийн төвөөс Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км автозам бүрэн ашиглалтад орж, ОХУ, БНХАУ-ын хооронд манай улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх транзит тээврийн олон улсын нэгэн том гарц бүрэн ашиглалтад орсон. Монгол Улс БНХАУ-тай хил залгаа Булган авто замын боомтоос ОХУ-тай хиллэдэг Цагааннуурын хилийн боомт хүртэлх 745.8 км урттай баруун бүсийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай автозамтай болж, манай аймгийн нутаг дэвсгэрийг дайран БНХАУ-ын Шинжааны бүс нутгийг ОХУ-ын Сибирийн бүстэй холбох Азийн авто замын АН-4, CAREC-ийн коридор 4“А” чиглэлийн авто замын сүлжээтэй холбогдон Ази, Европыг холбосон транзит коридор бий болсон.
Тэгвэл Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд манай аймгийн удирдлагууд тус аймгийн газарзүйн байрлалын давуу талаа ашиглан Монгол, Орос, Хятад гэсэн гурван улсыг холбосон “хамгийн дөт автозам”-ын ачаа тээврийн коридорыг дахин нэгээр нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл БНХАУ-ын Шинжаань Уйгурын өөртөө засах орны Алтай аймгийн Хуншаньзуй боомттой хиллэлдэг Даянгийн боомтын үйл ажиллагааг сэргээж байнгын ажиллагаатай болгох, дэд бүтцийн асуудлыг шийдэх, Өлгий-Даян боомтыг холбосон 165 км автозамыг тавихаар зураг төсвөө хийлгэж бэлэн болгоод байна. Даянгийн боомт Цагааннуур боомттой автозамаар холбогдсоноор гурван улсын ачаа тээврийн коридор бий болж, БНХАУ, Монгол Улс, ОХУ-ууд “хамгийн дөт автозам”-аар холбогдсоноор эдийн засгийн том бүс бий болох юм.
Түүнчлэн тус зам нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжиж улмаар ачаа, зорчигч тээвэрлэлтийн урсгалыг нэмэгдүүлж, дотоодын зах зээлийг хөгжүүлэхэд чиглэгдсэн тээврийн стратегийн чухал ач холбогдолтой бүс болох юм.