Дэлхийн мусульманчуудын хоёр дахь том баяр болох “Хурбан айт” баяр энэ жил зургаадугаар сарын 28-30-ны өдрүүдэд тохиож байгаа билээ. Баян-Өлгий аймгийн мусульман шашин шүтдэг иргэд уг баярыг жил бүр өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай.
Жилийн жилд Бүгд Найрамдах Турк улсын “Кызыл ай” нийгэмлэг мусульманчуудын ариун “Хурбан айт” баярыг тохиолдуулан хэдэн мянган толгой хонь нядалж, махыг нь амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд тараадаг билээ. Үүнтэй холбогдуулан Турк улсын “Кызыл ай” нийгэмлэгийн төлөөллүүд манай аймагт ажиллаж байна.
Аймгийн Засаг дарга А.Камелият өнөөдөр /2023.06.30/ “Кызыл ай” нийгэмлэгийн төлөөллүүд Шагдаш Дагдаш, Эмрах Туркай, Мусульман шашны нийгэмлэгийн тэргүүн Х.Батырбек болон УИХ-ын гишүүн асан, Монгол Улсаас Кувейт улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан К.Сайраан нарыг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.
Аймгийн Засаг дарга “Та бүхэндээ ариун Курбан баярын мэнд хүргэе! Энэ баяраар манай аймагт зочлон хүрэлцэн ирсэнд таатай байна. Турк Улсын зүүн өмнөд хэсгийн мужуудад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган хүний эрдэнэт амь эрсдэж, иргэдийн байр орон сууц нурж, үлэмж гарз хохирол учирсанд аймгийн Засаг даргын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье. 2018 онд манай аймагт үер бууж маш хүнд байдал үүсэхэд хамгийн түрүүнд “Кызыл ай” нийгэмлэг тусламжийн гараа сунгаж байсан. Энэ завшааныг ашиглан та бүхэндээ баярласан талархсанаа илэрхийлж байна. ” хэмээн онцолж талууд Курбан баярын тухай яриагаа өрнүүллээ.
Энэ жил Турк улсын “Кызыл ай” нийгэмлэг мусульманчуудын ариун “Хурбан айт” баярыг тохиолдуулан манай аймагт 4330 толгой хонь нядалж, махыг нь амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд болон зарим төрийн цэргийн байгууллагууд болон төрийн бус байгууллагуудад тараасан байна. Уг ажлыг Монголын Мусульман Шашны Нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байгаа аж.