Цагдаагийн ерөнхий газраас “Нэг зам-Нэг соёл” аяныг өнөөдрөөс улс орон даяар эхлүүллээ.
Цагдаагийн байгууллагаас иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөнд оролцох хандлагыг сайжруулах зорилгоор сүүлийн жилүүдэд “Яараад яахав дээ”, “Ирээдүйгээ хамгаалъя”, “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” зэрэг нөлөөллийн аяныг өрнүүлж ирсэн. Гэсэн ч амралт зугаалгын улиралд орон нутгийн замд зам тээврийн осол, түүнээс улбаатай амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл өндөр хэвээр байна.
Энэ оны эхний улиралд улсын хэмжээнд зам тээврийн 7275 осол бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн ослын улмаас 196 хүүхэд гэмтсэн судалгаа гарсан.
Иймд “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл 2023” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Нэг зам-Нэг соёл” аяныг наймдугаар сарын 18 хүртэл эхлүүллээ.
Тус аяны зорилго нь зам тээврийн осол, хэргийн улмаас хүний амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлан таниулах, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм.
Аяны нээлтийн арга хэмжээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Хавыл, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Ө.Танат, аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ш.Баасандорж, аймгийн ШШГ-ын тасгийн дарга, дэд хурандаа Ш.Чулуун, аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга Ч.Цэгмэд, Өлгий сумын Засаг даргын орлогч Х.Нурболат, аймгийн Авто тээврийн газрын дарга З.Онгар нар оролцлоо.