“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ, АНХ УДАА ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧИГЛЭЛЭЭР ДУРАНГИЙН ХАГАЛГАА АМЖИЛТТАЙ ХИЙГДЛЭЭ

            Орон нутгийн эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн эмч, эх баригч, сувилагч нарт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор “Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах нь” сэдэвт онол, дадлага хавсарсан 3 хоногийн сургалт зохион байгууллаа.

            Сургалтыг “Өргөө амаржих газар” ТМЭ-ийн зөвлөх эмч, клиникийн профессор Д.Өнөржаргал, Австрали Монаш ИС-ийн профессор Елизабет Фаррелл АМ, Австрали Монаш ИС-ийн эх барих эмэгтэйчүүдийн тэнхимийн профессор Беверли Волленховен тэргүүтэй эмч нар явуулж, мэс заслын арга барил, өвчтөнийг хагалгаанд яаж бэлтгэх, мэс заслын өрөөний бэлэн байдал, халдвар хамгааллын талаар үнэлгээ хийж, эрүүл мэндийн салбарт шинээр нэвтэрч буй хагалгааны арга барилд сургаж, хярзангийн мэс засал, дурангийн мэс засалд орж, зааж сургалаа.

           Энэхүү сургалтаар эмч нарын мэс заслын ур чадвар дээшилж, дурангийн хагалгаа анх удаа эмэгтэйчүүдийн чиглэлээр хийсэн амжилттай үйл ажиллагаа болсон юм.

          Тус онол, дадлага хавсарсан сургалтад Нэгдсэн Эмнэлэг, өрх, сумын Эрүүл мэндийн төвүүдийн 30 хүн хамрагдаж, эмэгтэйчүүдийн мулляж, пульсоксиметр, ургийн доплер аппаратаар хангагдав.

         Энэхүү сургалтыг зохион байгуулснаар орон нутагт эмэгтэйчүүдийн дурангийн хагалгааг нэвтрүүлэх анхны алхам нь хийгдэж, цаашид эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын чиглэлээр хүний нөөц бэлтгэхээр Франц улсад сургалтад хамруулж, чадавхжуулахаар болжээ.

              Мөн “Өргөө амаржих газар” ТМЭ-ийн зөвлөх эмч, клиникийн профессор Д.Өнөржаргал, Австрали Монаш ИС-ийн профессор Елизабет Фаррелл АМ, Австрали Монаш ИС-ийн эх барих эмэгтэйчүүдийн тэнхимийн профессор Беверли Волленховен, Төрөх тасгийн эрхлэгч Х.Өмиргүл нар аймгийн удирдлагуудтай уулзаж, “Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах нь” сэдэвт сургалтын талаар мэдээлэл өгч, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, тусламж үйлчилгээний талаар санал солилцлоо.

You May Also Like