Аймгийн удирдах ажилтнуудын ээлжит III дугаар шуурхай хуралдаан өнөөдөр нэгдүгээр сарын 16-ны өдрийн өглөөний 07:00 цагт болж, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагууд болон сумдын удирдлагууд танхимаар болон цахимаар оролцлоо. Хуралдааныг аймгийн Засаг даргын орлогч Х.Арман удирдан зохион байгууллаа.
Онцгой байдлын газар, Татварын хэлтэс, Боловсрол Шинжлэх Ухааны газар, Эрүүл мэндийн газар, Өлгий сум, Нийгмийн даатгалын хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Ус цаг уур, орчны шинжилгээний төв болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээллийг танилцуулан мэдээлэл солилцов.
Өмнөх шуурхай хуралдаанаар аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийг Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед танилцуулав.
Хуралдааны төгсгөлд аймгийн Засаг даргын орлогч Х.Арман Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт, зөвлөгөөнд оролцсон тухай болон Монгол Улсын Засгийн газрын гишүүд буюу Яамны сайд нартай 2023 онд хамтран ажиллах гэрээ байгуулахын зэрэгцээ аймгийн удирдлагуудад өгсөн үүрэг даалгаврын талаар товч танилцуулав.
ӨНӨӨДРИЙН АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААНААС ДАРААХ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГӨГДЛӨӨ
ҮҮНД:
ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Анар
• Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших Асгантын боомтыг үйл ажиллагаанд оруулах эсэх асуудлаар Боомтын зөвлөлтэй санал солилцон, энэ талаарх саналыг Боомт хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх
Нийт байгууллага, агентлагийн дарга нарт
• Төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал өөрчлөгдсөнтэй холбоотой байгууллагынхаа албан хаагчдын холбогдох тушаал, бусад материалыг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө шинэчлэх ажлыг зохион байгуулах
• Монгол улсын төрийн хэл, үндэсний бичгийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд байгууллагынхаа албан хаагчдыг сургалтад хамруулж, үндэсний бичгийн мэдлэгийг нь дээшлүүлэх ажлыг зохион байгуулах
• “Автомашин хэрэглэх нийтлэг журам”-тай танилцах, үйл ажиллагаандаа мөрдлөг болгох
• Монгол улсын хууль, Засгийн газрын тогтоол шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Ерөнхий сайдын захирамж, албан даалгаврын хэрэгжилтийг хуулийн хугацаанд тайлагнах
Нийт сумдын Засаг дарга нарт
• Цэргийн шинэчилсэн бүртгэлийн үйл ажиллагааг харьяа нутаг дэвсгэртээ зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх
МХГ-ын албан хаагчид шилжин ажиллаж буй байгууллагын дарга нарт
• Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгахтай холбогдуулан гарсан Засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллах, 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалд нь томилох.
Аймгийн Цахилгаан шугам станцын газрын дарга Ж.Керейд
• Өлгий сумын тоггүй байгаа газар, айл өрхүүдийн нэгдсэн зураг төслийг хийж, Эрчим хүчний яаманд тогтой болгох талаарх санал хүргүүлэх ажлыг зохион байгуулах