Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өвөлжилт хүндэрч, цас ихээр орсон Баян-Өлгий болон Ховд аймгийн зарим сумдад ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, цаг үеийн шинжтэй тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх зорилготой тус аймгуудад нэгдүгээр сарын 12-ноос нэгдүгээр сарын 19-ний хооронд ажиллах юм.
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдрөөс /2022.01.16/ Баян-Өлгий аймагт ажиллаж байна.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, ОБЕГ-ын Улсын нөөцийн газрын хэлтсийн дарга, хурандаа С.Лхагвасүрэн болон ХХААХҮГ, МЭЕГ-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг аймгийн удирдлагуудын хамт өвөлжилт хүндэрч буй Толбо, Буянт сумуудад ажиллаж, малчин өрхүүдээр орж бодит байдалтай танилцан, зарим тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж, малчдын санал бодлыг сонслоо.
Монгол Улсын Шадар сайдын хамт Аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азат, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан, Авто тээврийн төвийн дарга З.Онгар нар Шадар сайдын хамт тус сумдад ажиллалаа.