МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД, УОК-ЫН ДАРГА С.АМАРСАЙХАН ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ХОЛБОГДОХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛИЙГ ӨГЛӨӨ

   Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн өвөлжилт хүндэрсэн сумуудад ажиллаж байгаатай холбогдуулан аймгийн удирдлагуудтай уулзаж, аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгууллаа.

    Аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны эхэнд аймгийн Засаг даргын орлогч Х.Арман Баян-Өлгий аймгийн өвөлжилтийн нөхцөл байдлыг танилцууллаа.

    Тэрээр Баян-Өлгий аймаг 13 сум 99 багтай бөгөөд 2023 оны байдлаар 10159 малчин өрх, 2 сая 255 мянган 805 толгой малтай ба үүнээс тэмээ 6127, адуу 116.745, үхэр 186.313,  хонь 979.228, ямаа 967.392  тус тус тоологдсон. 2022-2023 оны өвөл 10 мянган 159 өрхийн  2 сая 555 мянган 805 толгой мал өвөлжиж байгаагаас 1641 өрхийн 429.224 толгой мал оторт,13 сумын 517.846 толгой мал байранд тэжээлд, 743.811 толгой мал нэмэгдэл тэжээлд орсон талаар танилцуулж, Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгавар, Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангуулах арга хэмжээний хүрээнд сумдын өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцаж, холбогдох шийдвэрүүдийг гарган малчдын түвшинд бэлтгэх өвс, тэжээл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэхэд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авч ажилласан талаар онцлон танилцуулав.

    Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан тус аймгийн зарим сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, цаг үеийн шинжтэй тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж ажиллаж буйгаа танилцуулахын зэрэгцээ өнгөрсөн өдрүүдэд Толбо, Буянт сумдад ажиллаж, Засгийн газрын бодлого шийдвэр, Ерөнхий сайдын албан даалгавар болон сум орон нутгийн ажил, тусламж дэмжлэг малчны хотонд хүрч чадаж байгаа эсэхийг шалгаж, иргэдийн санаа бодлыг сонслоо. Ихэнх айл өвөлжилтийн бэлтгэлээ чадлынхаа хэрээр сайн бэлдсэн байна. Гэвч байгалийн давагдашгүй хүчин зүйлд хүчин мөхөстөж байгааг бид бүгд харж, мэдэрч байна. Иймээс цаашид авах арга хэмжээгээ сайжруулж, баг сумын Засаг дарга нар малчидтайгаа илүү ойртож, Улсын болон аймаг, сумын Онцгой комиссоос шийдвэрлэсэн тусламж, дэмжлэгийг эзэнд нь хүргэх үүргийг хариуцлагатайгаар биелүүлэх шаардлагатай” гэдийг онцоллоо.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан аймгийн өвөлжилт хүндэрсэн зарим сумдад ажиллах үеэр малчид болон сум орон нутагт шаардлагатай зүйлсийг нь газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.

    Өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор аймгийн удирдлагууд Монгол Улсын шадар сайдад Цагааннуур тосгоны ард иргэдийн “Цагааннуур чөлөөт бүс”-ийн хашаанд мал оруулах хүсэлтийг уламжилсны дагуу “Цагааннуур чөлөөт бүс”-ийн хашаан дотор иргэдийн малыг оруулах зөвшөөрлийг олгов.

    Улсын нөөцөөс манай аймагт 683 тонн тэжээлийг өвөлжилт хүндэрсэн сумдад 50 хувийн хөнгөлөлттэй олгохоор шийдвэрлэж, аймгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө.

    Түүнчлэн Буянт сумын Засаг даргын Тамгын газар, Ногооннуур сумын Эрүүл мэндийн төв, аймгийн Онцгой байдлын газар, Стандарт хэмжилзүйн хэлтэст авто машин, Буянт сумын малчин өрхөд гэр олгохоор шийдвэрлэлээ.

You May Also Like