Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэст ажиллалаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан стандарт хэмжил зүйн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах талаар хөндөн тавьж, “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэхтэй холбоотойгоор аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст ажиллаж, ажилтан албан хаагчдтай уулзаж, үйл ажиллагаатай танилцлаа.

    Энэ үеэр аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга Х.Тилеген байгууллагынхаа талаар товч танилцуулж, тулгамдаж буй асуудлаа Шадар сайдад уламжиллаа. Тэрээр байгууллагын хэмжил зүйн лабораторийн эталон тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, шинэчлэх,  1 ба 3 фазын тоолуур шалгах зөөврийн төхөөрөмж болон Лабораторийн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг үе шаттай шинэчилж өгөхийг хүслээ.

     Шадар сайд С.Амарсайхан “Стандарт бол улс орны хөгжлийн үндэс, үндэсний аюулгүй байдлын илэрхийлэл, хүн ардын амьдралын чанарыг дээшлүүлэх гол хүчин зүйл. Аливаа дүрэм журам үндэсний стандартад захирагдах ёстой. Тиймээс тус салбарын ажиллах орчин нөхцөл, эталон болон бусад техник тоног төхөөрөмжийн бааз суурийг нэмэгдүүлж, хэлтсүүдийн автомашиныг шат дараатай шийдвэрлэж ажиллаж байна.” хэмээн онцлон стандартчилал, хэмжил зүйн талаар төрөөс баримталж байгаа бодлого, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг санаачлан, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Та бүхэн стандартын ач холбогдлыг иргэд олон нийтэд сурталчлан таниулах, стандартыг амьдралын хэвшил болгох зорилготойгоор ажиллах хэрэгтэй” гэв.

   Мөн энэ үеэр аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст “Toyota Haice” загварын авто машиныг хүлээлгэн өгч, алтан шар зам нь өлзийтэй байхыг ерөөж алд цэнхэр хадгийн хамт жолоочид гардуулан өглөө.

You May Also Like