“INVEST KHOVD” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМД БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ОРОЛЦОЖ БАЙНА

    Ховд аймагт зохион байгуулагдаж буй “Invest Khovd” хөрөнгө оруулалтын форум өнөөдөр /2023.01.19/  эхэллээ. Хөрөнгө оруулалтын форумыг “Шинэ сэргэлтийн бодлого” болон Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Ховд аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж байна.

    Уг форум уулзалтыг Ховд аймагт хөрөнгө оруулалт, чадварлаг боловсон хүчнийг татах, тус аймагт буй хөрөнгө оруулалтын таатай орчин, нөөц боломжийг танилцуулах, Ховд аймгийн болон баруун бүсийн бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, санхүүжүүлэгчдийн уулзах тавцанг бий болгож хөгжлийн гарц, шийдлүүдийг хөдөлгөөнд оруулах зорилгоор зохион байгуулж байгаагаараа онцлогтой аж.

    “Invest Khovd” хөрөнгө оруулалтын форумд аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, ЗДТГ-ын Хөгжлийн  бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын  хэлтсийн дарга Х.Анар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан, Авто тээврийн газрын дарга З.Онгар, Соёл урлагийн газрын дарга К.Бекжан, Музейн дарга А.Айшагүл болон Хөгжимт драмын театрын дарга Ж.Сайгүлик нар оролцож байна.

    Форумын үеэр Эрчим хүчний салбар ба сэргээгдэх эрчим хүч, Ховд хот ба барилгын салбарын хөрөнгө оруулалт, Баруун бүсийн хөгжлийн боломж, Тээвэр логистик, Цахим шилжилт, Баруун бүсийн аялал жуулчлал ба хөрөнгө оруулалт, Боловсон хүчин гэх мэт сэдвээр салбар хэлэлцүүлэг өрнүүлж байна.

You May Also Like