БНХАУ-ЫН АЛТАЙ АЙМГИЙН ЗАХИРГААНЫ ДЭД НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЕРКИН ДУЙСЕН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

      Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Цагааннуур, Даянгийн боомтыг авто замаар холбох үйл ажиллагааг эрчимжүүлэх асуудал шат дараатай хэрэгжиж эхэлж байгаа. Тус аймаг БНХАУлстай харилцах хамгийн ойр боомт бол Даянгийн боомт юм. Хуншаньзуй-Даянгийн боомтын үйл ажиллагааг идэвхжүүлэх ажлын хүрээнд аймгийн удирдлагууд БНХАУ-ын Алтай аймгийн удирдлагуудтай урьд нь цахимаар уулзалт хийж байсан бол өнөөдөр /2023.01.23/  Алтай аймгийн захиргааны дэд нарийн бичгийн дарга, худалдаа аж үйлдвэрлэлийн танхимын дарга Еркин Дуйсэн тэргүүтэй албаны хүмүүсийг аймгийн Засаг даргын орлогчийн албан өрөөнд хүлээн авч уулзлаа.

 

     Уулзалтын үеэр талууд Монгол улсын Баян-Өлгий аймаг болон БНХАУ-ын Алтай аймгийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар мөн Хуншаньзуй-Даянгийн боомтын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд хоёр талаас анхаарах асуудал, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдэх арга замын талаар санал солилцож, цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлж тээвэр логистик, хөдөө аж ахуй, соёл урлаг, эрүүл мэнд, үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг бүх талаар харилцан бие биенээ дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

     Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Т.Фестиваль,  Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Ариунцэцэг, Соёл урлагийн газрын дарга К.Бекжан, Байгаль, орчин, аялал, жуулчлалын газрын дарга Ш.Марат, Гадаад харилцаа, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн С.Ботакөз болон Баян-Өлгий аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Х.Муратай нар оролцлоо.

You May Also Like