АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Х.АРМАН ДЭЛҮҮН СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

     Аймгийн нийт нутгаар цаг агаар хүйтэрч, цасан бүрхүүл тогтож, хөдөө аж ахуйд цаг агаарын байдал сөргөөр нөлөөлж, өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаатай холбогдуулан сумдын өвөлжилтийн нөхцөл байдлыг газар дээр нь үзэж танилцах, зарим шаардлагатай дэмжлэгийг газар дээр нь үзүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан болон аймгийн Засаг даргын орлогч Х.Арман нараар ахлуулсан ажлын хэсэг Дэлүүн суманд ажиллалаа.

     Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Х.Арман тус сумын удирдлагуудтай уулзаж, малчдын гэрээр зочилж, тэдний санал хүсэлтийг сонсон, аймгаас авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаарх мэдээллүүдийг хүргэв.

    Мөн Засгийн газрын тогтоолоор манай аймагт шийдвэрлэгдсэн 50 хувийн хөнгөлөлттэй олгох 683 тонн тэжээлийн 64 тонн тэжээлийг Дэлүүн суманд хуваарилахаар шийдвэрлэлээ. Түүнчлэн тус сумын аюулгүйн нөөцөд байгаа 1088 тонн өвс болон 500 ширхэг тэжээлийг хөнгөлөлттэй үнээр өвөлжилт хүндэрсэн малчдад олгох, үүнээс хуримтлагдсан зардлыг дахин сумын аюулгүйн нөөц бүрдүүлэхэд зарцуулах, өвөлжилт хүндэрвэл шат шатандаа хариуцлагатай байж, зохих арга хэмжээг шуурхай авч ажиллахыг сумын удирдлагуудад үүрэг болгов.

      Аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан болон аймгийн Засаг даргын орлогч Х.Арман нараар ахлуулсан ажлын хэсэгт Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азат, Барилга захиалагчийн албаны дарга Ш.Жанимхан нар багтжээ.

You May Also Like