Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хөгжилд тэмүүлсэн Баян-Өлгий” үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.3.1-д “Аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудад чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO стандартыг нэвтрүүлэх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар “Чанарын удирдлагын тогтолцоо” MNS ISO 9001:2015, MNS ISO 18091:2020 стандартыг нэвтрүүлэхээр “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтран ажиллах гэрээ байгуулагдсан.
Тус төрийн бус байгууллага нь олон улсын чанарын менежментийн ISO 9001:2015, MNS ISO 18091:2020 стандартыг аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд мэргэжлийн зөвлөмж, дэмжлэг үзүүлэх, холбогдох стандартуудын шаардлага, менежментийн тогтолцоог хангахад шаардагдах баримт бичгийг боловсруулах, хадгалах чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгч, ажилтан, албан хаагчдад сургалт зохион байгуулах юм. Зөвлөх үйлчилгээний арга зүйн зөвлөмжийн дагуу стандартыг нэвтрүүлэх ажлыг 3 жилийн хугацаатай зохион байгуулна.
Төлөвлөгөөний дагуу “Чанарын Менежментийн тогтолцоо ISO 9001:2015, MNS ISO 18091:2020 стандарт” сэдвээр тус ТББ-ын зөвлөх, сургагч багш Б.Анхзаяа өнөөдөр /2023.02.01/ эхний сургалтаа зохион байгууллаа. Тус сургалтад аймгийн ЗДТГ-ын нийт ажилтан, албан хаагчид хамрагдав.
Олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартыг аймгийн ЗДТГ-т нэвтрүүлснээр төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, хандлага, төрийн байгууллагын менежментийн тогтолцоо, төсвийн зарцуулалт, ажлын давхардал, хийдэл арилж, иргэдийн аймгийн удирдлагууд болон байгууллагуудад итгэх итгэл нэмэгдэж, иргэн ба төрийн харилцаа, ойлголцол шинэ шатанд гарах суурь нөхцөл бүрдэнэ гэдгийг “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын зөвлөх багш онцлов.