АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ VI ДУГААР ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

 Аймгийн удирдах ажилтнуудын ээлжит VI дугаар шуурхай хуралдаан өнөөдөр хоёрдугаар сарын 06-ны өдөр хуралдаж, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагууд болон сумдын удирдлагууд танхимаар болон цахимаар оролцлоо. Хуралдааныг аймгийн Засаг даргын орлогч Х.Арман удирдан зохион байгууллаа.

Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол Шинжлэх Ухааны газар, Өлгий сум, Нийгмийн даатгалын хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар,  Ус цаг уур, орчны шинжилгээний төв болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээллийг танилцуулан мэдээлэл солилцов.

Түүнчлэн Ногооннуур, Сагсай, Дэлүүн, Бугат, Улаанхус, Толбо зэрэг сумдын Засаг дарга нар өвөлжилтийн байдал болон цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцууллаа.

Мөн шуурхай хуралдааны үеэр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болат “Цагааннуур боомтын оршин суугчид газар эзэмших бүрэн боломжтой болсон талаарх” баяртай мэдээг дуулгасан юм.

ӨНӨӨДРИЙН АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААНААС ДАРААХ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГӨГДЛӨӨ

ҮҮНД:
Нийт байгууллага, агентлагийн дарга нарт:

  • 2023 оны 02 дугаар сарын 27,28-ны өдрүүдэд зохион байгуулагдах Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлогыг төрийн албан хаагчдад сурталчлан таниулах арга хэмжээнд байгууллагынхаа нийт албан хаагчдыг бүрэн хамруулах арга хэмжээ авах

Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургуланд:

  • Сум, байгууллагаас ирүүлсэн оны аваргад тодорхойлсон материалыг нэгтгэн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл аймгийн ЗДТГ-т ирүүлэх.
  • Аймгийн хэмжээний өвс, тэжээлийн нөөцийн судалгааг гаргах

Орон нутгийн өмчийн газрын дарга Т.Назымд:

  • Сумдад байгаа эзэнгүй хөрөнгийн судалгааг гаргаж, жагсаалтыг аймгийн ЗДТГ-т ирүүлэх

Нийт сум, байгууллагуудад:

  • Сум, байгууллагууд ОНХС-ийн худалдан авах ажиллагааны техникийн нөхцөлийг энэ 7 хоногт багтаан аймгийн ЗДТГ-т ирүүлэх

Мал эмнэлгийн газрын дарга Ч.Буян-Өлзийд:

  • Ногооннуур сум, Цагааннуур тосгоны шүлхий өвчин бүртгэгдсэн малд вакцинжуулалт хийгдээгүй шалтгаан нөхцөлийг судлан тогтоож, танилцуулах

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болатад:

  • Даян боомт орчмын хэсэг газрыг улсын тусгай хамгаалалттай газрын жагсаалтаас гаргаж, орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлэх

Боловсрол шинжлэх ухааны газрын дарга Г.Амантайд

  • Сумдын цэцэрлэгийн хүрэлцээний судалгааг яаралтай нэгтгэн гаргах

You May Also Like