УИХ-ын гишүүн Т.Аубакир аймгийн Засаг даргын орлогч Х.Арман нар Сагсай суманд ажиллаж, тус сумын ард иргэдтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, тэдний санал, бодол, хүсэлтийг сонсов.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аубакир Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль тогтоомж, төр засгаас хэрэгжүүлж буй бодлогын талаар иргэдэд танилцуулсан бол аймгийн Засаг даргын орлогч Х.Арман малчид өвлийг өнтэй, хаврыг хохирол багатай давахын тулд улс болон аймгийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тусламжийн талаар болон аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжилд нөлөөлөх Өлгий-Сагсай-Улаанхус-Цэнгэл чиглэлийн авто замын санхүүжилтийг шийдвэрлүүлэх, Цэнгэл-Хотон нуур-Даян чиглэлийн замыг ТЭЗҮ, зураг төслийн хөрөнгийг шийдвэрлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа талаар танилцууллаа.
Тус уулзалтад аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Хонаев, З.Исагул, “Рысжан” ХХК-ийн захирал Х.Жангавыл нар оролцлоо.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Т.Аубакир, “Рысжан” ХХК-ийн захирал Х.Жангавыл нар хамтран тус сумын малчдад 27.2 тонн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Хонаев хувиасаа 10 тонн малын хорголжин тэжээл олгосон юм.