УИХ-ын гишүүн Т.Аубакир, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман нар сум орон нутгийн цаг үеийн ажил болон өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль тогтоомж, төр засгаас хэрэгжүүлж буй бодлогын талаар иргэдэд мэдээлэл өгч, санал хүсэлтийг нь сонсох зорилгоор сумдад тусгай хуваарийн дагуу ажиллаж байгаа билээ.
Тэгвэл, өнөөдөр буюу энэ сарын 15-ны өдөр Буянт суманд ажиллаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа.
Аймгийн Засаг даргын орлогч Х.Арман аймаг орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх томоохон ажлуудын талаар иргэдэд мэдээлэл өглөө.
Иргэд хөдөлмөрчид сургууль цэцэрлэгт төрөөс олгогддог хувьсах зардал хүрэлцдэггүй тухай лавлахад, энэ нь тус сумын сурагчид аймагт шилжин суралцдаг, тус сумын сургууль, цэцэрлэгт бүртгэлтэй хүүхдүүдийн тоо бага байдагтай холбоотой бөгөөд хүүхдийн тоог харгалзан үзэж хувьсах зардлыг олгодог болохыг тайлбарлалаа.
Уулзалтад тус сумын удирдлагуудаас гадна “Рысжан” ХХК-ийн захирал Х.Жангавыл оролцлоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аубакир, “Рысжан” ХХК-ийн захирал Х.Жангавыл нар хувиасаа хамтран тус сумын ард иргэдэд өвлийг өнтэй давахад зориулж 14.8 тонн малын хорголжин тэжээл олгов.