Аймгийн төвийн гуравдугаар цэцэрлэгийн шинэ барилгын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2023.03.01/ боллоо. Энэхүү цэцэрлэг нь 1980 онд байгуулагдсан бөгөөд байрны ашиглалтын хугацаа дууссан тул буулгаж, шинээр барих ажлыг эхлүүлсэн. Тэгвэл уг цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Баделхан, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, Боловсрол Шинжлэх Ухааны газрын дарга Г.Амантай, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болат, гуравдугаар цэцэрлэгийн эрхлэгч Х.Нурсауле тэргүүтэй албаны хүмүүс оролцож, нээлтийн үг хэллээ.
Тус цэцэрлэгийг анх удаа зураг төсвийн ажлыг шинэ загвараар гарган орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэн 200 хүүхдийн ортойгоор барьжээ. Барилгын ажлыг “Цамбагарав Констракшн” компани Улсын төсвийн 3,5 тэрбум төгрөгөөр гүйцэтгэсэн байна. Ийнхүү 5,11,4 дүгээр багийн ард иргэдийн хүүхэд багачууд шинэ цэцэрлэгт тохилог орчинд сурч, хүмүүжих боломжоор хангагдав.