ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Төрийн нэг цэгийн үйлчилгээг иргэдэд хөнгөн, шуурхай хүргэх цогцолбор барилга шинээр үүд хаалгаа нээлээ. Энэхүү долоон давхар орчин үеийн стандартад нийцсэн төрийн үйлчилгээний цогцолбор барилгыг Улсын төсвийн  хөрөнгө оруулалтаар “Агайын” ХХК барьж,  ашиглалтад хүлээлгэн өгч өнөөдөр /2023.03.01/   нээлтийн туузыг хайчиллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Баделхан, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, Хяналтын байгууллага болох Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болат, Гүйцэтгэгч байгууллага “Агайын” ХХК менежер Х.Ханат, Орон нутгийн өмчийн газрын дарга Т.Назым болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Аймгийн 20 гаруй төрийн байгууллага өөрсдийн гэсэн байргүй, олон жилийн турш түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Ийнхүү Төрийн үйлчилгээний цогцолбор барилга ашиглалтад орсноор төрийн байгууллагууд өөрийн гэсэн орон байртай болж, иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй үйлчлэх боломж бүрдэж байна.

Цогцолбор байранд Улсын бүртгэлтийн хэлтэс, Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний газар, Боловсрол Шинжлэх Ухааны газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Орон нутгийн өмчийн газар, Монгол Алтайн хадны цогцолборын хамгаалалтын захиргаа, Соёл урлагийн газар, Статистикийн хэлтэс, Насан туршийн боловсролын төв, Сум дундын ойн анги, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Цагааннуурын чөлөөт бүс, Санхүүгийн хяналт, дотоод аудит зэрэг 20 иод байгууллага байрлан иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай үзүүлэх боломж бүрдэж байгаагаас гадна эдгээр төрийн байгууллагуудын албан хаагчдын нийгмийн баталгаа хангагдаж байгаагаар онцлог болно.

You May Also Like