МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Ц.ЦОЛМОНБААТАРААР АХЛУУЛСАН ДЭМЖЛЭГИЙН БАГ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

     Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар 2023 оныг сургалтын байгууллагын менежментийг сайжруулах жил болгон зарласан. Энэ хүрээнд чанарын болон гүйцэтгэлийн үнэлгээгээр доогуур байрт эрэмбэлэгдсэн 82 сургуулийг сонгож туршилтын хугацаанд менежментийн баг ажиллахаар болсон.

     Тус дэмжлэгийн менежментийн эхний баг Баян-Өлгий аймагт энэ сарын 06-наас эхлэн ажиллаж байна. Өнөөдөр /2023.03.10/ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед тус дэмжлэгийн багийн төлөөллүүдийг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.

    Манай аймагт ажиллаж буй дэмжлэгийн багийг Монгол улсын гавьяат багш Ц.Цолмонбаатар ахалж байгаа ба бүрэлдэхүүнд нь Боловсрол шинжлэх ухааны яамны харьяа байгууллагуудын мэргэжилтнүүд, МУБИС-ийн багш, төгсөх ангийн оюутнууд багтаж байна.

     Уулзалтын үеэр талууд аймгийн боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон боловсролын чанарыг сайжруулах чиглэлээр хэрхэн хамтран ажиллах  талаар санал солилцлоо.

    Дэмжлэгийн баг багш ажилтны ур чадварыг сайжруулах, монгол хэлний мэдлэгийг дээшлүүлэх, сургуулийн орчинд цахим хэрэглээг нэвтрүүлэх, хос хэлний хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, 6 настай сурагчдыг сургуульд элсэхэд дэмжлэг үзүүлж, боловсролын байгууллагуудтай хамтран ажиллана.

You May Also Like