Өнөөдөр /2023.04.17/ аймгийн ИТХ-ын ээлжит бус XIV дүгээр хуралдаан 15:20 минутад аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд эхлэн 86,5 хувийн ирцтэй хуралдав.
XIV дүгээр ээлжит бус хуралдааныг нээж аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл үг хэлж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцууллаа.
Үүнд:
- Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх
- “Өлгий – Сансар” эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах тухай
- “Архидалтгүй Баян-Өлгий” дэд хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай
- Хайгуулын тусгай зөвшөөрөлд санал авах тухай
- Аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг өөрчлөх тухай
- Орон нутгийн өмчийн талаар
- Өлгий сумын төвийн инженерийн шугам сүлжээ, авто зам ба дулааны шинэ эх үүсвэрийн тулгамдсан асуудлыг хэлэлцэн тухай
Хуралдаанаар дээрх 7 асуудлыг хэлэлцэн батлахаас аймгийн Засаг даргын орлогч Х.Арманы саналаар хоёр асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх гол асуудал аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж ерөнхий сайдад уламжлах явдал байв. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XIV дүгээр хуралдаанд оролцогч 36 төлөөлөгч аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудалд нууц санал өгч, саналыг тооллогын комисс тоолон баталгаажуулж, тооллогын комиссын дарга К.Жандос дүнг танилцуулав.
Хуралдаанд оролцсон 36 төлөөлөгчийн 24 буюу 66 хувийн саналаар аймгийн Засаг даргад Ахмедиягийн Камелиятийг нэр дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар боллоо.