СЫРГАЛЫ БУЮУ ХОТОН ХУРГАН НУУР СУВГИЙН ГҮҮРИЙГ ЗАСВАРЛАХ ЗАРДЛЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН НӨӨЦ САНГААС ГАРГАНА

Баян-Өлгий аймгийн хэмжээнд зургаадугаар сарын 10-12-ны өдрүүдэд цаг агаарын хэт халалтын улмаас уулархаг бүсийн цас ихээр хайлж Ховд, Сагсай, Булган, Буянт, Турган, Чихэртэй, Ганц мод, Цагаан гол, Согоог, Хар бутны зэрэг голын усны түвшин эрс нэмэгдэж, үерийн аюултай түвшинд хүрсэн. Үүний улмаас модон 7, төмөр бетон 1 гүүр үерт өртөж, дахин ашиглах боломжгүй болсон. Аймгийн удирдлагууд, УИХ-ын гишүүн Х.Баделхан, Т.Аубакир нар Улсын онцгой комисст эвдэрч сүйтсэн гүүрэн байгууламжуудыг яаралтай шинэчилж, сэргээн засварлаж өгөхийг хүссэн юм.

Засгийн газрын ээлжит 2023 оны долдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар Улсын онцгой комисст ирүүлсэн хүсэлтийн дагуу эвдэрч сүйтсэн гүүрэн байгууламжуудыг шинэчилж, засварлах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн.

Өнгөрсөн амралтын өдрүүд УИХ-ын гишүүн Т.Аубакир, аймгийн Засаг дарга А.Камелият тэргүүтэй аймгийн удирдлагууд Сыргалы буюу Хотон Хурган нуур сувгийн гүүрний нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан гүүрийг шинээр барих ажлыг яаралтай эхлүүлэхээр боллоо.

You May Also Like