АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА НАРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БУЛГАН, ДЭЛҮҮН СУМДАД АЖИЛЛАЛАА

2022 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн байдал, 2023 оны аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд иргэдийн санал хүсэлтийг авах, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, иргэдэд төрийн бодлого, шийдвэрийг сурталчлах зорилготой аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан нараар ахлуулсан аймгийн удирдлагууд 11 дүгээр сарын 10-аас эхлэн хөдөө сумдыг тойрон ажиллаж байна.

     Аймгийн удирдлагууд энэ сарын 10,11-ний өдрүүдэд Булган, Дэлүүн сумдад ажиллаж, ард иргэд, малчид, хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгууллаа.  Энэ үеэр тухайн сумдын иргэдэд тулгамдаж буй асуудал болон 2023 оны аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд иргэдийн санал хүсэлтийг тэмдэглэн авлаа. Сумын өвөлжилтийн нөхцөл байдал, бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт зэрэгтэй танилцахын зэрэгцээ сумын удирдлагуудад гэнэтийн нөхцөл байдалд авах шуурхай арга хэмжээний төлөвлөгөө, бэлтгэл ажлыг бүрэн хангах зэрэгт онцгой анхааран ажиллахыг санууллаа.

      Мөн энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Бауыржан хүнд сурталгүй төрийн үйлчилгээг түмэн олонд чирэгдэлгүй хүргэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, боловсрол, эрүүл мэнд, хот тохижилтын ажилд онцгой ач холбогдол өгч ажиллахыг даалгалаа.

     Түүнчлэн Дэлүүн сумын төвд шинээр ашиглалтад орсон соёлын төвийн үйл ажиллагаа, тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд таригдсан мод болон сумын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлуудтай танилцлаа.

You May Also Like