Манай аймагт албан ёсны айлчлал хийж буй БНСолонгос улсын Чанган хотын Чангшин их сургуулийн удирдлагууд аймгийн түүх соёлтой танилцах зорилготой аймгийн Музей, М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театр болон Б.Ахтаны нэрэмжит төв номын санд зочлон, үйл ажиллагаатай нь танилцлаа.
Тус сургуулийн удирдлагууд Казахын ард түмний дуу бүжиг, соёлын талаар харж мэдрэхээр хамгийн түрүүнд М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрт зочлон саатав. Театрын уран бүтээлчдийн бэлдсэн казахын ард түмний онцлогийг харуулсан өвөрмөц тоглолтыг үзэн сонирхож, дурсгалын зураг татууллаа. Үүнээс гадна аймгийн Засаг дарга Д.Бауыржан, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол болон Хөгжимт драмын театрын дарга Ж.Сайгүлик нарын хамт театрын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр театрын дарга Ж.Сайгүлик “манай театрт морилон саатаж, бидний тоглолтыг шимтэн үзэж сонирхон, театрын үйл ажиллагаатай танилцаж байгаад баярлан талархсанаа илэрхийлэн, театрын уран бүтээлчид тус сургуульд туршлага судлах, уран бүтээлчдээ хөгжүүлэх сургалтад хамруулах боломжтой эсэхийг тодруулж, орчин үеийн гэрэл техник, тайз декорацитай театрт болохын тулд дэвшилтэд техник, тоног төхөөрөмж шаардлагатай байгааг дурдаж, энэ талаар дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах боломжтой эсэхийг тодрууллаа.
Чангшин их сургуулийн удирдлагууд театртай хэрхэн хамтран ажиллах боломжийн талаар судалж, хариу мэдэгдэхээ илэрхийлэв.
Театрын дараагаар Б.Ахтаны нэрэмжит төв номын санд зочлон, үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ номын сангийн “Бяцхан уншигчдын танхим”-ын уншигчид болох цэцэрлэгийн хүүхдүүдийн уншлага болон чөлөөт цагаар бүжиглэх баяцхан хүүхдүүдийн бүжгийг үзэж сонирхон, гарын бэлэг гардууллаа.
Мөн Алтай таван богдын байгалийн хосгүй үзэсгэлэнг харуулсан томоохон панором, казах үндэсний иж бүрэн тоноглолтой эсгий гэр, Керей Найман омгийн эрэгтэй, эмэгтэй хүний алтан шармал буюу мөнгөн тоноглолтой иж бүрэн эмээл, солир, халиу, бүргэд, бүргэдийн хэрэгсэл, хар чоно, эртний куран, модон ор, аймгийн анхны дарга, нам төрийн ахмад зүтгэлтэн нарын гар буу, нэхий өмд, унаганы арьсан дээл, охин бэрийн өмсгөл, Саукеле желек, тува, урианхай, дөрвөд үндэсний тоорцог малгай, бөөгийн онго, зэрэг үзмэрүүдээр баян аймгийн Музейд зочлон казахын үүх түүхтэй танилцав.