Аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнөөдөр /2022.10.26/ Монгол дахь Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүн амын сангийн зөвлөхүүд, доктор С.Нармандах, доктор Б.Сувд нарыг хүлээн авч уулзлаа.
НҮБ-аас “Дэлхийн хүнс, эрчим хүч, санхүүгийн хямралд үзүүлэх хариу арга хэмжээний яаралтай тусламжийн хөгжлийн загвар” богино хугацааны төслийг хэрэгжүүлж байгаа.
Уг төслийн хүрээнд НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар нь хоол тэжээлийн үнийн нэмэгдэл нь жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй жирэмсэн болон хөхүүл эхчүүд, нэн ялангуяа хүн амын эмзэг бүлэгт хэрхэн нөлөөлж буйг судлан үнэлэхээр ажиллаж байгаа юм.
Энэ хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран дээрх үнэлгээг хийж, аймгийн Засаг даргад үнэлгээний урьдчилсан тайланг танилцуулж, жирэмсэн эх болон урагт нэн чухал амин дэм болох фолийн хүчил, төмрийн хэрэглээ маш бага байгаа талаар танилцуулав. Жирэмсний үед эдгээр витамины хэрэгцээг хангаж чадаагүйн улмаас жирэмсэн эхчүүд цус багадах, яс зөөлрөх, иод дутах зэрэг эмгэгүүдэд өртөх, ураг, нярайн гаж хөгжил үүсэх, төрөх явцад эх, хүүхдийн амь насанд аюул учрах магадлал өндөр болдог. Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах шаардлагатай байгааг онцолж, аймгийн зүгээс хэрхэн дэмжиж хамтарч ажиллах боломжтойг тодрууллаа.
Аймгийн Засаг дарга НҮБ-ын Хүн амын сангаас манай аймагт КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэхэд, хүн амын хөгжил, эмэгтэйчүүд, охид, залуусын эрхийг хамгаалах, эрүүл мэндийг нь сайжруулахад бодит дэмжлэг үзүүлж, олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн явдалд талархал илэрхийлээд, Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө. Иймд жирэмсэн эхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, эх нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах талаас аймгийн зүгээс тодорхой хэмжээний төсөв хуваарилан дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа талаар дурдаж, орон нутгийн оролцоотой дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд И.Айнагүл, Е.Үмит нар оролцлоо.
Дээрх үнэлгээг бусад аймаг, нийслэл хэмжээнд явуулах бөгөөд Монгол Улсын Засгийн газарт илэрсэн нөхцөл байдлыг сайжруулахын тулд нотлох баримтад суурилсан хариу арга хэмжээ авахыг сурталчлан танилцуулахад үнэлгээний үр дүнг ашиглах аж.