Аймгийн ИТХ-ын ээлжит X хуралдаан аймгийн Засаг даргын хурлын танхимд зохион байгуулагдаж байна. Хуралдаанд 21 төлөөлөгч оролцож, хурлын ирц 51.2 хувьтай оролцож байна. Мөн хуралдаанд газар нэгжийн удирдлагууд болон мэргэжилтнүүд оролцож байна.
Аймгийн ИТХ-ын X хуралдааныг нээж аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан үг хэлж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцууллаа. Нийт 7 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Сайгүлик “Хөгжимт драмын театрын үйлчилгээний төлбөр хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай” асуудлыг татаж авсан байна. Аймгийн Засаг даргын санал болгосноор “Нэгж талбарын зөрчил арилгах тухай” асуудлыг нэмж оруулахаар болж хэлэлцэхээр төлөвлөгөөнд тусгагдав.
Ээлжит X хуралдааны дотоод журам болон хэлэлцэх асуудлыг танилцуулж төлөөлөгчдийн саналыг авч баталснаар хуралдаан эхэлж, газар хэлтсийн дарга нар хэлэлцэх асуудалтай холбоотой танилцуулгыг дарааллын дагуу хийж байна. Одоогийн байдлаар дөрөвдүгээр асуудал танилцуулагдаж байна.
Аймгийн ИТХ-ын X хуралдаанаар дараах долоон асуудлыг хэлэлцэж батална.
- Үүнд: Баян-Өлгий аймгийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцүүлэн батлуулах тухай
- Орон нутгийн хөгжлийн сангийн зарим төсөл арга хэмжээний зориулалтад өөрчлөлт оруулах тухай
- Цахим – Өлгий аймгийн дэд хөтөлбөр батлах тухай
- Зарим төсөл арга хэмжээнд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнд өөрчлөлт оруулах тухай
- 2023 онд ойгоос ашиглах түлээний модны дээд хэмжээг тогтоох тухай
- 2022 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулах тухай
- Нэгж талбарын зөрчил арилгах тухай