“Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр-2” төслийн хүрээнд аймгийн Цагааннуур-Улаанбайшинт чиглэлд баригдаж буй 25.8 км авто замын ажил дуусаж өнөөдөр /2022.10.30/ ашиглалтад орж, албан ёсны нээлтээ хийлээ.
Энэхүү авто зам нь Монгол Улсын болон бүс нутгийн хэмжээнд хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын нэг бөгөөд ОХУ, БНХАУ-ын хооронд манай улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх транзит тээврийн олон улсын нэгэн том гарц бий болж байгаа юм.
Өөрөөр хэлбэл БНХАУ-тай хил залгаа байрлах Ярантын хилийн боомтоос ОХУ-тай хиллэдэг Цагааннуурын хилийн боомт хүртэлх 745.8 км урттай баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын ажил бүрэн дууссан гэсэн үг. Ингэснээр Ховд, Баян-Өлгий аймгаар дайран БНХАУ-ын Шинжаань бүс нутаг, ОХУ-ын Сибирийн бүстэй холбох Азийн авто замын АН-4, CAREC-ийн коридор 4“а” чиглэлийн авто замын сүлжээтэй холбогдож байгаа юм.
Түүнчлэн тус зам нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжиж улмаар дамжин өнгөрөх ачаа, зорчигч тээвэрлэлтийн урсгалыг нэмэгдүүлж, дотоодын зах зээлийг хөгжүүлэхэд чиглэгдсэн тээврийн стратегийн чухал ач холбогдолтой авто зам юм.
Энэхүү замын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Баделхан, Т.Аубакир, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга, аймгийн Засаг дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга асан, Цагааннуур, Даянгийн боомтуудын захиргааны дарга А.Гылымхан, “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн зохицуулагч Б.Баян-Амгалан, аймгийн Засаг даргын зөвлөх Ш.Хавыл, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, “Ай Си Ти” компанийн багийн ахлагч Рам Пракаш, гүйцэтгэгч “Лонгжиан Роуд энд Бридж” ХХК-ийн төслийн менежер Зан Чинь юу, Ногооннуур сумын Засаг дарга Х.Есболат, 0285 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Хүрэлсүх, Цагааннуур боомтын дарга М.Наранхүү болон хэлтэс, агентлагийн удирдлагууд, хэвлэл мэдээллийн төлөөллүүд оролцлоо.
Нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Д.Бауыржан үг хэлж, тэрбээр энэхүү түүхэн бүтээн байгуулалтыг хамтран хэрэгжүүлсэн үе үеийн Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам, “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр-2” төсөл, Азийн хөгжлийн банк, гүйцэтгэгч компани болон УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагуудад талархал илэрхийлээд, баяр хүргэж, ажилд нь амжилт хүсэв. Бүс нутгийн хөгжил, аялал жуулчлалын салбарт энэ зам хөгжлийн түүчээ болно” гэдгийг онцоллоо.
Замын тухайн хэсгийн барилгын ажлыг Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар БНХАУ-ын “Лонгжиан Роуд энд Бридж” компани гүйцэтгэж, ийнхүү ашиглалтад хүлээлгэн өглөө.
Монгол Улсын баруун бүс нутаг Ази Европыг холбосон хатуу хучилттай авто замтай болж, Азийн авто замын сүлжээний AH-4 буюу Улаанбайшинт- Цагааннуур-Өлгий-Ховд-Булган боомт хүртэлх 745,8 км баруун босоо тэнхлэгийн автозам ашиглалтад орж дамжин өнгөрөх тээврийн коридор нээгдлээ.