Аймгийн Онцгой комиссын гишүүд аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд 91,30 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хуралдааныг аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Бауыржан удирдан зохион байгууллаа. Хуралдаанаар таван асуудлыг хэлэлцлээ.
Үүнд:
- Алтай сумын нутаг дэвсгэрт гарсан хээрийн түймрийг унтраахад зарцуулсан зардал
- Дэлүүн сумын нутаг дэвсгэрт гарсан хээрийн түймрийг унтраахад зарцуулсан зардал
- Баян-Өлгий аймгийн хэмжээнд 2022 оны намар гарсан хээрийн түймрийг унтраахад Хилийн цэргийн 0165-р ангиас гарсан зардал
- Аймгийн хэмжээний өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцуулах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд Алтай сумын Засаг дарга А.Асет тухайн сумын нутаг дэвсгэрт гарсан хээрийн түймрийг унтраахад зарцуулсан зардлыг танилцуулсан бол Хилийн цэргийн 0165 дугаар ангийн захирагч, хурандаа Р.Эрдэнэтогтох аймгийн хэмжээнд 2022 оны намар гарсан хээрийн түймрийг унтраахад тус ангиас гарсан зардлыг танилцуулан аймгийн гамшгаас хамгаалах сангаас шийдвэрлүүлэхээр оруулсан ба онцгой комиссын гишүүд Алтай сумд 8 сая төрөг, Хилийн 0165 дугаар ангид 4 сая төгрөгийг шийдвэрлэж өгөв.
Тус хуралдааны үеэр Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан аймгийн хэмжээний өвөлжилтийн бэлтгэл ажлыг танилцууллаа. “Баян-Өлгий аймаг нь 13 сум 96 багтай бөгөөд 2022 оны жилийн эхний байдлаар 9845 малчин өрх, 15539 малтай өрхөд 2,379,013 толгой мал тоологдсон ба 2022-2023 оны өвөл 2,583,298 толгой мал, хонин толгойд шилжүүлснээр 4,406,620 толгой мал өвөлжихөөр урьдчилсан тооцоо гараад байна. Мөн аймгийн дүнгээр нийт нутгийн 10 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Харин нутгийн 30 хувь нь 1-3 дахин хэтэрсэн, 60 гаруй хувьд бэлчээрийн даац 3-аас дээш олон дахин хэтэрч гарсан нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн боломж муутай тул хил залгаа аймаг сумдын нутагт отор нүүдэл хийх, хадлан тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхаарч, зөв зохицуулах шаардлагатайг харуулж байна хэмээн танилцуулж, бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан дээрх сумдад мал өвөлжих, хаваржих нөхцөл хүндрэхээр байгаа тул тухайн орон нутгийн зүгээс зөв зохион байгуулалт хийж ажиллах, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах, даатгалд хамруулах зэрэг арга хэмжээ авч өвөлжилт хаваржилтад эртнээс бэлтгэх шаардлагатай байна.”гэлээ.