ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДАД СТАТИСТИКИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭГ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    Өнөөдөр /2022.11.02/ аймгийн Статистикийн хэлтсээс төрийн болон төрийн бус байгууллагуудад статистикийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах сургалтыг  зохион байгууллаа.

   Тус сургалтад захиргааны статистик мэдээллийг мэдээлэгч, хэрэглэгч төрийн болон төрийн бус аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, нягтлан бодогчид хамрагдав. 

   Энэхүү сургалтын зорилго нь Статистикийн байгууллага үүсэж хөгжсөний 98 жилийн ойн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудын статистикийн үйл ажиллагаанд голлох үүрэг, захиргааны мэдээний ач холбогдол, үр дүнг таниулах, хамтын ажиллагааг дэмжихэд оршино.

   Сургалтыг нээж Статистикийн хэлтсийн дарга Н.Ерлан оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэн амжилт хүсэж, Статистикийн салбарын хууль тогтоомж, статистик тоон үзүүлэлт, мэдээллийн  талаарх ойлголтыг өгөв.

   Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Х.Тауба “Статистикийн тоо, мэдээллийг хэрхэн олж авах” талаар, Мэргэжилтэн М.Дина “Төрийн бус байгууллагын маягтын танилцуулга”-ын талаар, Ахлах мэргэжилтэн Н.Манаргүл “Статистик мэдээ, тайлан гаргахад анхаарах асуудал” зэрэг сэдвүүдийн хүрээнд танилцуулга бэлтгэн оролцогчдод хүргэлээ.

   Түүнчлэн сургалтын үеэр 2021 онд хийгдсэн төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгааны үр дүнг танилцуулав. Төрийн албан хаагчийн үндэсний бичиг, үсгийн мэдлэг тодорхойлох судалгаанд нийт 7083 төрийн албан хаагч хамрагдсаны 5860 буюу 82.7 хувь нь төрийн үйлчилгээний, 599 буюу 8.5 хувь нь төрийн захиргааны, 413 буюу 5,8 хувь нь төрийн улс төрийн, 211 буюу 3.0 хувь нь төрийн тусгай албан хаагч байна. Судалгааны үр дүнгээр  төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг маш сайн 2.2 хувь, сайн 3.4 хувь, дунд зэрэг 10.4 хувь, бага зэрэг 21.7 хувь, огт мэдэхгүй 62.3 хувьтай буюу албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хослуулан хэрэглэхэд  37.5 хувь бэлэн аж.

You May Also Like