АЙМГИЙН УДИРДЛАГУУД ЦАГААННУУР ТОСГОНЫ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

    Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзах уулзалт Цагааннуур сумд үргэлжилж,  оршин суугчдын санал хүсэлтийг сонслоо.

   Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга цугларсан олонд мэндчилэн, аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, хөгжлийн бодлогыг төлөвлөх, үр дүнг шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоонд суурилан урьдчилан тооцоолох, төлөвлөх зорилготой таван төрлийн бодлогын баримт бичгийг боловсруулсан талаар танилцуулж, хавар тухайн сумд ажиллах үеэр иргэдийн гаргасан санал хүсэлтийн дагуу хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч мэдээлэл өглөө.

     Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил, өвс, тэжээлийн бүрдүүлэлтийн төлөвлөгөө, малын хөлийн татварын талаар болон малчид малын ашгаа өсгөх, эдийн засгийн чадамжаа сайжруулах боломжуудын талаар мэдээлэл өгсөн бол  Боловсрол шинжлэх ухааны газрын дарга Г.Амантай боловсролын салбарын өнөөгийн байдлын талаар, Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен салбарын шинэчлэл болон вакцинжуулалтын явцын талаар, Байгаль, орчин, аялал, жуулчлалын газрын дарга Ш.Марат энэ жил Орон нутаг хөгжүүлэх сангаас Цагааннуур тосгонд 5.2 сая төгрөг зарцуулж, 400 ширхэг Бургас, Улиас мод тарьсан тухай мэдээлэл өгөхөөс гадна орчны бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар, Улсын бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн тоон гарын үсгийн ач холбогдлын талаар тус тус мэдээлэл өглөө.

     Уулзалтад оролцсон ард иргэд ихэвчлэн ажилгүйдэл, гэрэлтүүлэг, газар эзэмших, ашиглах талаар асуулт асууж, холбогдох байгууллагуудын дарга нар газар дээр хариултын өглөө.

Түүнчлэн иргэд 2023 оны аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд санал хүсэлтээ илэрхийллээ.

   Тус сумд зохион байгуулагдсан уулзалтад аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Т.Фестиваль, Газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга К.Болат болон Улсын бүртгэл, Татвар болон Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хэлтсийн дарга нар байлцлаа.

You May Also Like