2023, 2024, 2025 оныг “Монголд Зочлох жил” болгон зарласантай холбогдуулан ОХУ-тай хиллэдэг Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Дархан, Эрдэнэт, Хэнтий, Дорнод аймгуудад хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, ОХУ-аас яаж жуулчин татах талаар өргөтгөсөн онлайн хурал боллоо.
Цахим хуралдааныг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан удирдаж, аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэн, салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, цаашид аялал жуулчлалыг бүс нутгуудыг жигд хөгжүүлэх замаар орон нутагт тогтвортой хөгжлийг хангах зорилгоор авч буй арга хэмжээний талаар танилцуулж, аймгуудын Засаг дарга нарт мэргэжлийн холбоонуудтай хамтран ажиллах талаар үүрэг даалгавар өглөө.
Манай аймгийн хувьд “Шинэ жилээр Монголд” өвлийн аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын ард иргэдийн урт хугацааны амралтын үеэр аймгийн Цагааннуур боомтоор тус улсын 4000 гаруй жуулчдыг оруулахаар төлөвлөсөн талаар онцолж, орон нутагт зочид буудал, жуулчны баазуудын чанарыг сайжруулж, хөнгөлөлт өгөх, ресторан баар, кафе, хоол, уух зүйлсийн үйлчилгээ хөнгөлөлт өгөх, жуулчдад зориулсан үзвэр үйлчилгээний газар, сонирхох зүйлсийг сайжруулах, орон нутгийн онцлог аялал жуулчлалын үзвэр, түүхийн дурсгалт газруудын үйл ажиллагааг идэвхтэй болгож сайжруулах, авто дэлгүүр, гэр ахуйн барааны хөнгөлөлт өгөх, дэлгүүр, бөөний төвийн үнийн хөнгөлөлт өгөх, эвент арга хэмжээ зохион байгуулахаас гадна энэ бүх зүйлүүдийг багцлан ”Шинэ жилээр Монголд” аялал жуулчлалын багцыг гаргаж бэлтгэх зэргийг үүрэг болгов.
Энэ үеэр аймгийн Засаг дарга өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хөрш улсуудаас аялагчдыг татах ажлын хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллах саналыг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт тавилаа.
Үүнд:
- Цагааннуур боомтын цагийн хуваарийг уртасгах, шалган нэвтрүүлэх ажилчдын тоог нэмэгдүүлэх, шилэн кабель татаж интернэтийн хурдыг нэмэгдүүлэх
- Аймгийн нисэх буудлыг олон улсын статустай болгож ОХУ-ын Алтайн Бүгд найрамдах улсын Барнаул хотод шууд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх, УБ-Өлгий-УБ чиглэлийн онгоцны тийзийн үнийг хямдруулах, нисэхийн түлшний агуулахыг барих, шөнийн гэрэлтүүлэгтэй болгох,
- ОХУ-ын Алтайн Бүгд найрамдах улсын Барнаул – Бийск – Горный Алтай -Монгол Улсын Баян-Өлгий гэсэн маршрутаар олон улсын зорчигч тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх
- ОХУ-ын Алтайн Бүгд найрамдах улсын удирдлагуудтай уулзаж, гэрээ хэлэлцээр хийж хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх
- Наурыз баяраар Алтайн нүүдэлчдийн баяр аялал жуулчлалын эвент арга хэмжээг хамтран зохион байгуулах
- БНХАУ-ын Алтай аймагт зохион байгуулагддаг өвлийн аялал жуулчлалын эвент арга хэмжээнд оролцож буй жуулчдыг тус аймагт татах ажлын хүрээнд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг хүсэлтүүдийг тавилаа.