Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний Баян-Өлгий аймаг дахь дугуйлан намуудын удирдлагууд болон 13 сумын Засаг дарга нар болон манлайлагч эмэгтэйчүүдийг оролцуулан манлайллын Форумыг “Манлайлал” сэдвийн хүрээнд өнөөдөр /2022.11.16/ зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Бауыржан уригдан оролцож Форумыг зохион байгуулж байгаа багийн хүмүүст болон Улаанбаатар хотоос ирсэн илтгэгч багш нар Х.Номингэрэл, Г.Доржханд, Х.Зауреш нарт тусгайлан талархал илэрхийлж Форумын оролцогчдод амжилт хүсэж мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр хэлсэн үгэндээ “төрийн албан хаагчдын 64 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг ба аймгийн 179 байгууллагын 118 байгууллагыг эмэгтэйчүүд удирддаг боловч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн тоо цөөн байгааг онцолж, аймгийн эмэгтэйчүүдийн дуу хоолой, төлөөлөл, манлайллыг үргэлж дэмжиж, хамтран ажиллахад таатай байх болно” гэв.
Формыг манлайлагч эмэгтэйчүүдийг улс төрд татан оруулах, шийдвэр гаргах түвшний албан тушаалд горилох, улс төрийн сонгуульд нэр дэвших, улмаар иргэдийн итгэлийг хүлээн хүний эрхэд суурилсан, жендэрийн тэгш байдлын зарчимд нийцсэн, тогтвортой хөгжлийн зорилгыг тээсэн бодлогын санаачилгуудыг манлайлан ажиллахад шаардагдах мэдлэг мэдээлэл, ур чадвар, эв санааны нэгдэл, хамтын нөлөөллийн олон талт дэмжлэг үзүүлэх зорилготойгоор зохион байгууллаа.
Форумын үеэр оролцогчид “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх боломж, хамтын ажиллагааны стратеги” сэдвийн хүрээнд олон талт хэлэлцүүлэг өрнүүлэв.