АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАУЫРЖАН НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    Аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнөөдөр /2022.11.17/ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ, НҮБ-ын Хүн амын сангийн Өсвөр үе, залуучуудын шинжээч Х.Баттуяа, НҮБ-ын Залуучуудын хөтөлбөрийн ажилтан Э.Өнөрөө нарыг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.

   Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсролын ерөнхий газар, НҮБ-ын Хүн амын сан хамтран манай аймагт хэрэгжиж буй өсвөр үе, залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцах, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах зорилгоор Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

   НҮБ-ын Хүн амын сангийн хэнийг ч орхигдуулахгүй зарчмын хүрээнд сум, алслагдсан багийн залуучуудад хүрч очих үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилгоор Өсвөр үе, залуучуудын хөтөлбөрөөс 2022 онд 5 аймгийн нэг нэг суманд Залуучуудын хөгжлийн төв байгуулах юм. Энэ хүрээнд Баян-Өлгий аймгийн Сагсай сумд Залуучуудын хөгжлийн төв байгуулах чиглэлээр аймгийн удирдлагуудтай уулзаж, санал бодол солилцлоо.

   Аймгийн Засаг дарга НҮБ-ын Хүн амын сангаас манай аймагт КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэхэд,  хүн амын хөгжил, эмэгтэйчүүд, охид, залуусын эрхийг хамгаалах, хөгжүүлэх, эрүүл мэндийг нь сайжруулахад бодит дэмжлэг үзүүлж, олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн явдалд талархал илэрхийлээд, Сагсай сумд Залуучуудын хөгжлийн төв байгуулахаар болсон явдалд талархаж, орон нутгийн оролцоотой дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

    Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Х.Арман,  аймгийн ЗДТГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн  О.Нурлан болон Аймгийн ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Х.Нуршырах нар оролцлоо.

   Мөн НҮБ-ын Хүн амын сангийн Ази, номхон далайн бүс, “АNROWS” судалгааны байгууллагатай хамтран бэлгийн цогц боловсрол жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулахад хэрхэн нөлөөлж буй талаар Монгол Улсад судалгаа хийж байгаа бөгөөд судалгааны баг манай аймагт ажиллаж байгаа аж. 

You May Also Like