АХМАД, ЗАЛУУ БАГШ НАР ЧУУЛЛАА

     Аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол шинжлэх ухааны газар, ахмад багш нарын холбоо хамтран “Боловсролын өөрчлөлт багшаас эхэлнэ” сэдвийн доор ахмад, залуу багш нарын чуулга, уулзалтыг өнөөдөр /2022.11.30/ зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд аймгийн удирдлагууд, боловсролын салбарт ажиллаж байсан үе үеийн гавьяат ахмад багш нар болон багш хэмээх алдрыг өргөж яваа залуу багш нар, сурган хүмүүжүүлэгчид оролцов.

    Боловсролын салбарын хөгжилд ахмад багш нарын оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг сонсох, идэвх санаачилгыг дэмжих, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилготой уг зөвлөгөөнд 100 гаруй ахмад, залуу багш нар оролцож, санал бодлоо илэрхийллээ.

     Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Бауыржан оролцож, чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсэж, юуны түрүүнд 2022 онд аймгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсруулсан тухай танилцуулж, бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг. Өнөөдөр гавьяат ахмад багш нар залуу багш нарт зөвлөн тусалж, туршлагаасаа хуваалцан, санал бодлоо илэрхийлж байгаад баяртай байна. Ирээдүй хойч үеэ хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж чадахуйц эрдэм боловсролтой болгоход багш нарын үүрэг, хариуцлага нэн чухал. Эрхэм багш нар маань бэлтгэж байгаа хүүхэд болгоныг дэлхийн хүн, улсын хэмжээний хүүхэд болгож боловсрол олгох шаардлагатай байгааг онцлов.  Мөн аймгийн үе үеийн багш нар нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн тухайгаа дурдаж, өнөөдрийн уулзалтаас гарсан үнэтэй саналуудыг аймгийн Засаг даргын хувьд гартаа аваад, цаашдын ажилдаа тусгаж, хэрэгжүүлж ажиллана гэдгээ илэрхийллээ.

    Чуулга уулзалтын үеэр аймгийн боловсролын салбарын өнөөгийн байдал, Ахмад багш нарын боловсролын салбарт оруулах хувь нэмэр, боломж, Залуу багш нарын манлайлал зэрэг сэдвийн доор мэдээлэл хүргэж, хэлэлцүүлэг өрнүүлж, саналуудаа нэгтгэв.

You May Also Like