Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй цахим шилжилтийн бодлого, зорилттой уялдуулан төрийн сангийн цахимжуулалтыг үе шаттай нэвтрүүлж байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр буюу 12 дугаар сарын 14-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс аймаг, сумдын төрийн албан хаагчид, түүгээр үйлчлүүлэгч байгууллагын дарга, нягтлан бодогч нарт төрийн сангийн удирдлагын цахим системийн хэрэглээний талаар сургалт зохион байгуулж байна.
Сургалт “Төрийн сангийн төлбөр тооцооны цахим системийн хэрэглэгчийн эрхийн тохиргоо, нэхэмжлэх, зарлага, амлалт үүрэг, тайлан модулийг ашиглах нь” сэдвийн хүрээнд болж байна.
Тус сургалтын зорилго нь төрийн сангийн нийт албан хаагчид, төсвийн байгууллагын дарга, төслүүдийн төсвийн эрх захирагч, нягтлан бодогч нарт төрийн сангийн төлбөр тооцооны цахим системийн талаарх мэдлэг олгож, цахимаар төлбөр тооцоо гүйцэтгэх ур чадварыг эзэмшүүлэх аж.
Цахим систем нэвтэрснээр төсвийн хэрэгжилтийг цахимаар зохион байгуулж, төрийн сангийн ажилтны ажлын бүтээмж нэмэгдэх, ажлын ачаалал буурах, төсвийн байгууллагын санхүүгийн ажилтан гүйлгээ хийлгэх гэж төрийн сангийн сан руу зорчих цаг, зардлыг хэмнэх, татварын удирдлагын нэгдсэн системийн нэхэмжлэлийг төрийн сангийн төлбөр тооцоонд нэвтрүүлснээр аж ахуйн нэгж, байгууллагын татварын тайлагнал сайжрах, системд суурилсан цахим хяналтыг хэрэгжүүлэх боломж бүрдэх зэрэг давуу талтай юм.
Сургалтыг нээж аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Т.Фестиваль үг хэлсэн бол Төрийн сангийн төлбөр тооцооны цахим системийн танилцуулга, туршилтын нэвтрүүлэлтийн төлөвлөгөөний талаар Төслийн ахлах зөвлөх Б.Азбаяр, Эрхийн бүртгэлийн сан, хэрэглэгчийн удирдлагын талаар Төслийн зөвлөх Б.Цэлмэгтуяа мэдээлэл өгч байна.
Мөн өнөөдрийн сургалтаар Тайлан модуль хэрэглэх заавар, Нэхэмжлэх татах, баталгаажуулах, Нэхэмжлэхээс төлбөрийн хүсэлт үүсгэх, баталгаажуулах, Зарлагын модулиас төлбөрийн хүсэлт үүсгэх, баталгаажуулах, Төрийн сан зарлагын гүйлгээг хянах, батлах, Амлалт, үүрэг бүртгэх, баталгаажуулах, Амлалт, үүрэг хянах, батлах, Үүргээс төлбөрийн хүсэлт үүсгэх, баталгаажуулах нь зэрэг сэдвүүдийн доор явагдах юм.