Жилд 250 мянган тонн цемент үйлдвэрлэж, баруун бүсийн хэрэгцээг бүрэн хангах “Ховд эко цемент” үйлдвэр ашиглалтад орлоо. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож, Монгол Улсын хэмжээнд 2020 оноос хойш ашиглалтад орсон хамгийн том үйлдвэр, хамгийн том бүтээн байгуулалт гэдгийг онцлов.
“Ховд эко цемент”-ийн үйлдвэр нь хуурай аргын үйлдвэр бөгөөд түүхий эдээ олборлох, бутлах, нунтаглах, хоорондын найрлагыг нь жигд болгоход ус хэрэглэхгүй, хамгийн сүүлийн үеийн, хамгийн шилдэг технологи бүхий байгаль экологид ээлтэй үйлдвэр юм. Үйлдвэрийн цех, дамжлага болгон дээр, тоос үүсгэж болох бүх цэгт тоос шүүх байгууламж байршуулсан байна. “Ховд эко цемент”-ийн төслийн нийт гаднах талбай 20 га буюу хөлбөмбөгийн 19 талбайтай тэнцэх аж.
“Ховд эко цемент” төслийг “Нью прогресс групп” санаачилж, гүйцэтгэгчээр “Western hold”, “BTIEC” компани ажилласан байна.
Тус үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман нар оролцлоо.