БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Хөхтохой хошуунд байрладаг Хуншаньзюй боомттой хиллэдэг Даян боомтын нээлт зургадугаар сарын 2-ны өдөр боллоо.
Цар тахлын улмаас сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа явуулаагүй байсан Даян боомт нь ийнхүү Боомтын сэргэлтийн хүрээнд нээгдэж, тээвэрлэлт хийгдэж эхэллээ. Тус боомт нь ирэх 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 120 хоног нээлттэй байна.
Хуншаньзюй-Даян нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, Хилийн боомтын захиргааны Цагааннуур, Даян боомтын төлөөлөгч А.Гылымхан, Хилийн 0165 дугаар ангийн захирагч, хурандаа Р.Эрдэнэтогтох, Байгаль орчин Аялал жуулчлалын газрын дарга Ш.Марат, Авто тээврийн үндэсний төвийн мэргэжилтэн Т.Сайдол, Сагсай сумын Засаг дарга К.Бауыржан, Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Г.Батцэцэг болон Хятадын талаас холбогдох албаны хүмүүс оролцож, боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар харилцан санал солилцлоо.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Даян боомтоос Цагааннуур боомт хүртэл авто зам тавихаар төлөвлөж, аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 650 сая төгрөгөөр Өлгий-Даян чиглэлийн хатуу хучилттай авто замын зураг төслийг хийж байна. Мөн 140 сая төгрөгөөр цахилгаан шугам, 160 сая төгрөгөөр шилэн кабель татах ажлуудын зураг төслийг боловсруулж байна. Даян-Өлгий-Цагааннуур чиглэлд авто зам барьсан тохиолдолд БНХАУ, Монгол Улс, ОХУ хамгийн дөт авто замаар холбогдож бараа таваарын эргэлт, жуулчдын урсгал нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.