БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Зафер Атеш манай аймагт айлчилж байна.
Аймгийн удирдлагууд өнөөдөр /2023.05.04/ БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Зафер Атеш болон Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн Төв Ази, Кавказын орнуудыг хариуцсан газрын дарга доктор ноён Али Өзгүн Өзтурк, ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд аймгийн удирдлагууд БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Зафер Атеш манай аймагт айлчилж буйд таатай байгаагаа илэрхийлж, өнгөрсөн хугацаанд тус аймагт ТИКА-аас эрүүл мэнд, боловсролын салбарт үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээс гадна, эрүүл ахуй, хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр ирсэнд талархлаа.
Мөн аймгийн удирдлагууд ТИКА-тай цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтээ илэрхийлж, орон нутгийн хөгжилд дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүсэв.
Энэ үеэр Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн Төв Ази, Кавказын орнуудыг хариуцсан газрын дарга доктор ноён Али Өзгүн Өзтурк ТИКА-гийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Толбо сумын эрүүл мэндийн төвийн эхийн амрах байрыг иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангахаар болсныг дуулгалаа.
Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө. Хуралай, МСҮТ-ийн захирал Х.Нуркен болон БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын гэргий хатагтай Айла Атеш, ТИКА-ийн Улаанбаатар дахь дэд координатор ноён Огуз Шэнбаш, ТИКА-ийн Монголыг хариуцсан мэргэжилтэн хатагтай Башак Шимшэк болон ТИКА-ийн орчуулагч хатагтай Зейнелийн Бибигүл нар оролцлоо.