21 АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ГИШҮҮДТЭЙ ОБЕГ-ЫН ДЭД ДАРГА, БРИГАДЫН ГЕНЕРАЛ Б.УУГАНБАЯР ЦАХИМ ХУРАЛ ХИЙЛЭЭ

21 аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын гишүүдтэй ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өнөөдөр /2023.05.09/ цахим хурал хийлээ.

Хурлаар ирэх зургаадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Стратегийн команд штабын сургууль”-ийн талаар мэдээлэл өгч, сургуульд оролцох бэлтгэл, бэлэн байдлаа хангах чиглэл өглөө.

 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах,  ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, гамшгаас хамгаалах албад, яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын харилцан ажиллагааг жигдрүүлэх  зорилгоор “Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан ажиллагаа” сэдэвт “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм.

You May Also Like