АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.КАМЕЛИЯТ УИХ-ЫН ГИШҮҮН Х.БАДЕЛХАНЫ ХАМТ УЛААНХУС СУМАНД АЖИЛЛАЛАА

Аймгийн Засаг дарга А.Камелият УИХ-ын гишүүн Х.Баделханы хамт өнөөдөр /2023.05.10/ Улаанхус суманд ажиллаж, сумын төвийн оршин суугч, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгууллаа.

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл”-ийг танилцуулан, иргэдийн саналыг сонсож, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцож, хаваржилтын нөхцөл байдалтай танилцлаа.

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга А.Камелият “Миний бие аймгийн Засаг дарга хэмээх хариуцлагатай албыг хүлээн авч, томилогдон өнөөдөр анхны иргэдтэй уулзах уулзалтаа тус сумын иргэд хөдөлмөрчидтэй хийж байна. Аймгийн ихэнх нутгаар цас ихтэй байгаагаас хаваржилт хүндэрч байгаа. Өвс, тэжээлийн үнэ нэмэгдсэн. Ченжүүд үнийн хөөргөдөл үүсгэж байгаа. Иймээс үүнд яаралтай арга хэмжээ авахыг зорьж, тэжээл оруулж ирдэг компаниудтай хамтран ажиллаж, малчдад хямд үнээр, хяналттай худалдан борлуулахаар ажиллаж байна.” Гэсэн бол “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл”-ийн талаар “УИХ-д гишүүдийн тоог нэмэх нь буруу гэж боддог иргэд их. Манай улс шиг хүн амын тоо бага бусад оронд УИХ-ын гишүүд тоо их байдаг. Миний хувьд сонгогчдыг төлөөлөх мандатын тоог нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үздэг. Учир нь УИХ-ын гишүүдийн тоог нэмснээр төлөөллийн чадвар сайжирна” хэмээн үзэж байна гэв.

Тус уулзалтад аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Маралбек, сумын удирдлагууд оролцлоо. Мөн ажлын хэсэг нь Улаанхус сумын иргэдийн тавьсан тулгамдаж буй асуудал, хүсэлт, саналыг нь тэмдэглэн авч ажиллав.

You May Also Like