АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.КАМЕЛИЯТ МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Ц.ЦОЛМОНБААТАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Аймгийн Засаг дарга А.Камелият өнөөдөр /2023.05.16/ Боловсрол, шинжлэх ухааны сайдын орон тооны бус зөвлөх, Монгол Улсын Гавьяат багш Ц.Цолмонбаатарыг хүлээн авч уулзлаа.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар 2023 оныг сургалтын байгууллагын менежментийг сайжруулах жил болгон зарласан. Энэ хүрээнд чанарын болон гүйцэтгэлийн үнэлгээгээр доогуур байрт эрэмбэлэгдсэн 82 сургуулийг сонгож туршилтын хугацаанд менежментийн баг ажиллахаар болсон.

Тус дэмжлэгийн менежментийн эхний баг манай аймагт гуравдугаар сарын 06-наас эхлэн ажиллаж байгаа бөгөөд тус дэмжлэгийн багийг Монгол улсын гавьяат багш Ц.Цолмонбаатар ахалж байгаа билээ.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Гавьяат багш Ц.Цолмонбаатар аймгийн Засаг дарга А.Камелиятад  “БШУ-ын сайдын нэрийн өмнөөс болон хувиасаа Баян-Өлгий аймгийн Засаг даргаар томилогдсонд явдалд баяр хүргэж, ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэв.”

Уулзалтын үеэр талууд аймгийн боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон боловсролын чанарыг сайжруулах чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

You May Also Like