АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.КАМЕЛИЯТ НҮБ-ЫН АЖ ҮЙЛДВЭР ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ ДАХЬ ХӨТӨЛБӨРИЙН ЗОХИЦУУЛАГЧ Г.МӨНХБОЛОР ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Аймгийн Засаг дарга А.Камелият өнөөдөр /2023.05.16/ НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын  Монгол дахь Хөтөлбөрийн зохицуулагч Г.Мөнхболор, Экспортыг дэмжих төслийн олон улсын зөвлөх Ахмед Саад, үндэсний зөвлөх Р.Бумдарь, сургалтын мэргэжилтэн М.Саулегүл нарыг хүлээн авч уулзан, ЮНИДО-ын Монгол дахь үйл ажиллагаа, төслийн зорилго, зорилт, цаашдын хамтын ажиллагааны талаар мэдээлэл, санал солилцлоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй Дэлхийн банкны санхүүжилттэй “Экспортыг дэмжих” төслийн хүрээнд НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (ЮНИДО) Монгол Улсад итгэмжлэл, тохирлын үнэлгээний чадавхыг сайжруулах, улмаар хүнс болон хөнгөн үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэхэд техникийн туслалцаа үзүүлж байгаа. Төслийн хүрээнд ЮНИДО нь 2022 оноос хойш Монгол Улсын үндэсний итгэмжлэлийн төв, Стандарт хэмжил зүйн газар болон бусад тохирлын үнэлгээний байгууллагууд, мөн хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдэд олон улсын чанарын удирдлагын чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгч төрөл бүрийн чадавхжуулах ажлуудыг хэрэгжүүлж байна.

Төслийн мэргэжилтнүүд энэ сарын 12-19-ний өдрүүдэд Баян-Өлгий аймаг дахь Халал баталгаажуулалтын байгууллагуудад мэргэжлийн зөвлөгөөг газар дээр нь өгч, аймгийн Стандарт хэмжилзүйн газартай хамтран “Халал менежментийн тогтолцооны Ерөнхий шаардлага болон Үйл явцын шаардлага OIC/SMIIC 2:2019 ​Тохирлын үнэлгээ-Халал баталгаажуулалтыг гүйцэтгэдэг байгууллагад тавих шаардлага” сэдэвт 2 өдрийн сургалт зохион байгуулах юм.

Уулзалтад аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, Стандарт хэмжилзүйн газрын дарга Х.Тилеген, ЗДТГ-ын Гадаад харилцаа, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн С.Ботакөз, Стандарт хэмжилзүйн газрын мэргэжилтэн Х.Өмир нар оролцлоо.

You May Also Like