Аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, аймгийн Засаг дарга А.Камелият нар өнөөдөр /2023.05.19/ ОХУ-ын Бүгд Найрамдах Алтай улсын ИТХ-ын дарга бөгөөд Төлөөлөгчдийн тэргүүн Кохоев Артур Павлович тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл “Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэнд Та бүхэнд талархал илэрхийлье. Хурал хоорондын үйл ажиллагаанд туршлага судлах, худалдаа эдийн засаг, аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллах хүсэлтэй байна” гэв.
Аймгийн Засаг дарга А.Камелият “Та бүхнийг өөрийн аймаг дээрээ хүлээн авч уулзаж байгаадаа баяртай байна. Ковидын өмнөх хоёр улсын найрсаг харилцааг сэргээх, худалдаа үйлдвэрлэл, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах, санал бодол солилцох, хэлэлцээрт гарын үсэг зурах зорилготой энэхүү уулзалтад хүрэлцэн ирсэн явдалд баярлан талархсанаа илэрхийлье. Хоёр орны удирдлагын хооронд элгэмсэг дотно, нөхөрсөг харилцаа өргөжиж байгаад баяртай байна.
Баян-Өлгий аймгийг аялал жуулчлалын дөрөв дэх бүс болгон хөгжүүлэхээр болсонтой холбогдуулан Цагааннуур боомтыг 24 цагаар ажиллуулахаар, Хятад Улстай хиллэдэг Даян боомтыг байнгын ажиллагаатай болгож, Цагааннуур Даян боомтыг авто замаар холбохоор ажиллаж байна. ОХУ, Хятад, Монгол гурван улсыг холбосон эдийн засгийн коридор бий болох юм. Мөн Цагааннуур чөлөөт бүсийн нээлтийг ирэх сарын 5-нд хийхээр төлөвлөн ажиллаж байна. Иймд ОХУ-тай худалдаа үйлдвэрлэл, аялал жуулчлал болон бусад бүх салбарт хамтран ажиллах хүсэлтэй байна.” гэв.
ОХУ-ын Бүгд Найрамдах Алтай улсын ИТХ-ын дарга бөгөөд Төлөөлөгчдийн тэргүүн Кохоев Артур Павлович “Хоёр улс өнө эртнээс найрсаг харилцаатай. Манай улс мөн адил аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа. Иймд өргөн хүрээнд хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлээд, боловсролын салбарт ч хамтран ажиллах, ОХУ-д суралцах оюутнуудын тоог нэмэгдүүлэх бодолтой байна.” Гэлээ.
Уулзалтын төгсөлд ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсын Төрийн Хурал-Эл Курултай болон аймгийн ИТХ хооронд хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Тус уулзалтад ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат, аймгийн ИТХ-ын Нутгийн удирдлага хурлын зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Базаргүл, Баян-Өлгий аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Х.Муратай болон Бүгд Найрамдах Алтай улсын ИТХ-ын төлөөлөгч Мызин Айдар Аркадьевич, Алтай улсын Хурал хоорондын хамтын ажиллагааны комиссын дарга Ложкин Сергей Алексеевич, Алтай улсын Хурлын хэвлэлийн Төлөөлөгч бөгөөд нарийн бичгийн дарга Попова Ольга Степановна, Алтай улсын ХАГ танхимын дарга Архипов Андрей Николаевич нар оролцлоо.