Аймгийн Засаг дарга А.Камелият Боловсрол, Шинжлэх Ухааны яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Н.Нарангэрэлээр ахлуулсан ажлын хэсгийг өнөөдөр /2023.05.23/ албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.
Ажлын хэсэг Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын А/227 дугаар тушаалаар аймгийн Боловсрол, Шинжлэх Ухааны газар болон нийт боловсролын байгууллагуудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт, дотоод аудит хийх зорилгоор манай аймагт энэ сарын 24-30-ны хүртэлх хугацаанд ажиллах юм.
Ажлын хэсгийн ахлагч Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Н.Нарангэрэл аймгийн Засаг даргад тус хугацаанд хийгдэх хяналт шалгалт, дотоод аудитын талаар товч танилцуулж, хяналт шалгалтын нэгдсэн тайланг аудитын хороонд танилцуулж, хэлэлцсэний дараа холбогдох мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмжүүдийг хүргүүлэх болно гэдгийг онцоллоо.
Түүнчлэн уулзалтын үеэр талууд ЭЕШ-ын үр дүн, аймгийн боловсролын салбарт тулгамдсан асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар санал мэдээлэл солилцлоо.
Уулзалтад Суралцагчийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Түмэнжаргал, Боловсролын ерөнхий газрын Санхүү төсвийн хэрэгжилт, зохицуулалтын газрын дарга Ж.Энхтөр, МАГБХ-ны тэргүүн, доктор Ph, МУГБ, Үндэсний сургагч багш, Зөвлөх багш С.Марта, Боловсролын ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын мэргэжилтэн Г.Өсөхжаргал, аймгийн ЗДТГ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан хариуцсан мэргэжилтэн Ж.Эльмира, Боловсрол, соёлын салбарын төсөв хариуцсан мэргэжилтэн Ж.Айгүл, Шинжлэх Ухааны газрын ахлах мэргэжилтэн А.Еркегүл нар оролцлоо.